АТГ-ын бичлэг Ерөнхийлөгч Х.Баттулгаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандсан уу

АТГ-ын бичлэг Ерөнхийлөгч Х.Баттулгаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандсан уу

Энэ даваа гаригт Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас гэнэтийн мэдээлэл хийв. Гэнэтийн гэсний учир нь тус газар сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал хийдэг тогтсон жишигтэй ч энэ долдугаар сарын 25 ны өдөр хэвлэлийн хурал хийгээгүй юм. Гэтэл гэнэт л даваа гарагт буюу энэ сарын 29-ны өдөр “Авилгалын бичлэг задлана, хэвлэлийн хурал зарлаж” байна гэсэн “зар мэдээлэл” хэвлэлийнхэн бидэнд тухайн өдрийн 11 цагийн орчимд албаны хүнээс ирсэн юм. 

АТГ-аас олон нийтэд ил болгосон бичлэгт, Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57,5 сая төгрөгийг, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга асан А.Аззаяа, Н.Баярсайхан нар 1 тэрбум гаруй төгрөгийг бусдаас хахууль хэлбэрээр авсныг илрүүлсэн тухай гардаг.

Тус хэрэгт холбогдсон хүмүүс бүгд “хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх үндэслэлээр шүүхээс торгох ялаар шийтгүүлж, нийтийн албанд тодорхой хугацаанд ажиллахгүй байхаар болсон хэргүүд байв.

Авилга авдаг албан хаагчдын бичлэг үүгээр дуусахгүй харин ч эхэлж буйг АТГ-аас сануулаад цаашид анхаарал татах олон бичлэгийг цувралаар дэлгэнэ гэж мэдэгдээд байгаа юм. АТГ-аас тус бичлэгийг дэлгэсэн нь араасаа олон хардлагыг төрүүлээд байна. Тухайлбал, тус бичлэгийг яагаад өнөөдөр гаргах болов, бичлэгт гарсан хэргүүдийг шүүхээр орох явцад нь олон нийтэд мэдээлэлж болоогүй юу.  Нийгмийн сэтгэл зүйг юунд бэлдээд байна вэ гэсэн асуултын дунд үлдээсэн юм. Зарим нь эх сурвалжид удахгүй нэлээн олон шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тушаалыг гаргана үүнтэй холбоотой ч байж магадгүй гэлцэж байв. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс энэ оны тавдугаар сард “Эрүүгийн хуулийн зөрчил хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, сайжруулах” тухай санал дүгнэлтээ Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн ч тэрээр ямар нэг арга хэмжээ авахгүйгээр өнөөдрийг хүрсэн байна. 

Учир нь 2017 оны дөрөвдүгээр сарын 25 – ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шинэ эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Жишээ нь: 2012 онд үйлдсэн гэмт хэргийг 2016 онд илрүүлээд 2018 онд шүүх хурал нь болоход хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн байхаар өөрчилсөн гэсэн үг юм. 2017 онд Засгийн газраас өргөн барьсан шинэ Эрүүгийн хуулийн төсөлд “Хөөн хэлэлцэх хугацаа”-нд ямар нэг өөрчлөлт оруулаагүй өргөн барьсан байдаг.

Гэтэл хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт Улсын дээд шүүхийн шүүгчээр “Хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гартал болгон хойшлуулах” санал хэлүүлж, түүнийг нь гишүүдээр дэмжүүлсэн гэгдэж буй.

Хэрэв өнөөдөр мөрдөгдөж байгаа “Эрүүгийн хууль”-ийн 10.1 буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад даруй өөрчлөлт орохгүй бол энэ оны есдүгээр сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин”-гийн Г.Алтан нартай холбоотой хэргүүд хаагдаж магадгүй байгаа ажээ. Мөн үүний араас 60 тэрбум, ЖДҮ, Хөгжлийн банк, Оффшор, АСЕМ гээд олон дуулиантай том хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хаагдана гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. 

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс алдаа, зөрчилтэй батлагдсан “Эрүүгийн хууль”-ийг нэн яаралтай засаж залруулах саналаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид илгээсэн ч тэрээр “Хугацаа хожиж байгаа юу” ямартай ч Эрүүгийн хуулийн 10.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг засаж сайжруулах саналаа Засгийн газар болоод холбогдох байнгын хороо, намын бүлэгтээ оруулж, хэлэлцүүлэхгүйгээр өнөөдрийн хүрч, зарим ноцтой хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийн дор хаагдаж байна.

Иймд АТГ-ын энэ даваа гарагт олон нийтэд ил болгосон бичлэг “хөөн хэлэлцэх” хугацаатай холбоотой заалтыг даруй засаж сайжруул гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн саналын үргэлжлэл байв уу гэсэн хардлага төрүүлж байна.