АН: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй

АН: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй

Өнөөдөр /2019.07.31/ Ардчилсан намын зөвлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон Ардчилсан намын зөвлөл байр сууриа илэрхийлээгүй учраас өчигдөр намын өргөтгөсөн хуралдаан хийжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт албан ёсны саналуудаа тусгуулахаар хүсэлтээ хүргүүлж байгаа аж.

Ардчилсан намын зүгээс, “АН-ын зөвлөл чухал тодорхой гурван зүйлийг онцлох ёстой гэж үзсэний дотор, сонгодог парламентийн хуульд нийцүүлсэн засаглалын хуваарилалтын тухай асуудал багтаж байна. Хоёрдугаарт, төрийн эдийн засаг, мөнгөний бодлого. Гуравт, төрийг хариуцлагажуулах асуудал. Үүн дээр нэмээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн парламентаар биш, ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой” гэсэн анхны байр сууриа баримталж байгаагаа илэрхийлэв.

АН-ын дарга Д.Эрдэнэбат, “Нэгт, МУ-ын ерөнхийлөгчийн УИХ-аас  сонгодог болох. Хоёрт, төрийн эдийн засаг санхүү, төсвийн сахилга бат хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх  асуудал. Гуравт, ард түмний засаглах эрхийг хангах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болох гэсэн үндсэн гурван байр суурийг илэрхийлж байна” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгогддог байх заалтын талаар одоогийн Ерөнхийлөгчтэй ярилцаж, санал солилцсон уу. Энэ саналыг ямар үндэслэлээр оруулж байгаа юм бэ?

-Ерөнхийлөгч өөртэй нь холбоотой заалтаар ямар нэг санал оруулах эрх байхгүй. Тиймээс Ардчилсан намын зөвлөл өөрсдөө оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 2015 оны зургадугаар сарын 17-нд Ардчилсан намын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулахдаа сонгодог парламентын засаглалын хуваарилалтыг зөв хийе гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь зөв гэж үзсэн. Энэ бол Ардчилсан намын байр суурь хэвээр байгаа.

-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдаж байна. АН-ын зөвлөл энэхүү саналыг дэмжих үү?

-Зарим гишүүдийн санаачлагаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал гарч байна. Хэрэв Цэцийн шийдвэр гарвал эгүүлэн татна гэх заалт орж ирж байна. Энэ бол УИХ өөрөө шийдэх, дотоод асуудал. УИХ-аас гадна зүйл бий. Жишээлбэл, ард иргэдийнхээ итгэлийг алдвал ард иргэд яаж өөрсдийнхөө эрхийг хангах вэ гэдэг асуудал хангагдаагүй учраас бид гүйцэлдүүлэх ёстой. Мөн намаас сонгогдсон гишүүд хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандвал нам нь ямар үүрэгтэй оролцож болох вэ гэдгийг бас тусгах ёстой гэж харж байна.

-Ард нийтийн санал асуулгыг цаг хугацааны хувьд хэдийд явуулах боломжтой гэж үзэж байна вэ?

-Санал асуулгыг аравдугаар сарын 3-нд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацааг ч Ардчилсан намын зөвлөл боломжтой гэж харж байгаа. Энэ хуулийг хамгийн гол баталгаажуулах гол зүйл нь ард түмэн өөрсдөө юм.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө