Ерөнхийлөгч Х.Баттулга Трампын хүүд морь БЭЛЭГЛЭНЭ гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Трампын хүүд морь БЭЛЭГЛЭНЭ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар эх орноосоо мордсон билээ. Ерөнхийлөгчийн анхны айлчлал өнөөдөр /2019.07.31/ албан ёсоор эхэлж буй юм. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзах бөгөөд тэд хоёр улсын хоорондын худалдаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн тухай Цагаан ордноос өмнө нь мэдээллэсэн.

Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүү 13 настай Баррон Трампад морь бэлэглэхийг хүссэн тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.

Гэхдээ Трампын хүү түүний уг бэлгийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа тухай зарим албаны хүмүүс хэлжээ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэнд бэлэг өгөх нь нилээдгүй нарийн төвөгтэй асуудал байдаг аж.

Дашрамд дуулгахад, бэлгийн морийг өмнө нь АНУ-ын нэр хүнд бүхий хүмүүс дотор дэд ерөнхийлөгч асан Жо Байден, батлан хамгаалахын нарийн бичгийн дарга асан Чак Хейгел, Дональд Рамсфелд нар авч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.bloomberg.com