ЕНБДарга Д.Амарбаясгалангаас төрийн “ЦЭВЭРЛЭГЭЭ”-ээ эхлүүл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ!

ЕНБДарга Д.Амарбаясгалангаас төрийн “ЦЭВЭРЛЭГЭЭ”-ээ эхлүүл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ!

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий болон өөрийн төрсөн ах, дүүгийнхээ компанид зээл авч өгсөн гэх дуулианд нэр холбогдож, баримт нь хүртэл хэвлэлээр цацагдсан.

Түүний хувь эзэмшдэг хоёр аж ахуйн нэгж нь ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэдэг нь шилэн дансаар тодорхой болоод байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсанаар "Тайшир өргөө" ХХК, "Агро технологи шижирт" ХХК-ийн тус бүр 30% эзэмшдэг. Ийнхүү хөрөнгө орлогын мэдүүлэгт нь бичигдсэн Д.Амарбаясгалангийн хувьцаа эзэмшдэг Агро технологи шижирт" ХХК нь ЖДҮ-ийн зээлээс 950,000,000 төгрөгийг 2018 онд авсан байна. Мөн  30%-ийг нь эзэмшдэг Тайшир өргөө" ХХК нь 2017 онд ЖДҮ-ийн зээлээс 375,000,000 төгрөгийн зээл авсан.

Тэрбээр “Соёмбо принтинг”, “Топ медиа”, "Агро технологи шижирт", "Тайшир өргөө" ХХК зэрэг дөрвөн компаниараа дамжуулан 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр 4 тэрбум 215 сая төргөгийн хөнгөлттэй зээл, төсөл, бараа ажил үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авчээ.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, жирийн иргэдэд олгох ёстой зээлээс улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд хувааж цөлмөсөн жишээ олон. Үйлдвэрлэгч өрхийн авч чадаагүй зээлийг хэд хэдэн тэрбумаар нь авсан байх жишээтэй.

Эл үйлдлүүддээ одоо хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд иргэд өнөөдөр ч хариуцлага хүлээхийг шаардсаар байгаа юм. Д.Амарбаясгалан эрх барьж байгаа намын хамгийн том эрх мэдэлтнүүдийн нэг. Хариуцлага хүлээх асуудалд тэрбээр төр барьж буй том намын генсекийн хувьд хамгийн түрүүн ард түмнийхээ өмнө бөхийж, суудлаасаа сайн дураараа буух ёстой хүмүүсийн нэг мөн. Харамсалтай нь, энэ эрх мэдлээрээ дамжуулж, Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч олон хүний боломжийг хулгайлсандаа огтоос санаа зовохгүй явсаар өнөөг хүрч ирлээ.

Эрх мэдэл албан тушаалын төлөө гүрийж, гүлдийсээр суудлаасаа буудаггүй юм аа гэхэд авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхаа амлаж, төрийн цэвэрлэгээ эхэлсэн гээд зарлаад байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд хариуцлага тооцох ёстой. НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн зээлд холбогдсон түүний ойрын хүрээний улс төрч мөнөөс мөн. У.Хүрэлсүхийг муухай харагдуулж, шударга ёстой тэмцэхэд нь саад болж байгаа хүн ч гэгддэг.  

Гэтэл намын дарга нь хариуцлага хүлээлгэж, шударга ёсны илдээ Д.Амарбаясгалангийн толгой дээр эргүүлэх нь битгий хэл өнгөрөгч тавдугаар сард Говь-Алтай аймаг руу дагуулан явсан.

Тэнд Д.Амарбаясгалангийн баг бүрт хурдан удмын адуу бэлэглэж бэл бэнчингээ гайхуулахыг нь харсаар ирсэн билээ. Тэрбээр “Говь-Алтай аймгийн багуудад хурдан удмын азарга гардуулах ёслолын арга хэмжээ” гэх сүртэй нэртэй, арга хэмжээ зохион байгуулсан байдаг юм.

МАН-ын генсекийн ЖДҮ-ийн зээлтэй үйлдлүүд нь МАН-ын дүрмийн олон зүйл заалтыг илтэд зөрччихөөд байхад огцруулан хариуцлага тооцож, “Шударга ёс”-ыг өөрийн удирдаж буй намынхаа аппаратаас хэрэгжүүлж эхлэх ёстой ч, өдгөө таг чиг байгаад нь намын дэмжигч иргэд гонсгор байна.