БАРИМТ: Шүүгч асан С.Төмөрбатын аав н.Сандагдорж хил гараад, буцаж ирсэн гэв

БАРИМТ: Шүүгч асан С.Төмөрбатын аав н.Сандагдорж хил гараад, буцаж ирсэн гэв

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны зургадугаар сарын 26-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. Тэдгээр шүүгчдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга мэдэгдсэн.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байсан 17 шүүгчийн нэг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилга гарсан өдрийн орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон. Үүнийхээ дараа тэрээр АНУ-ыг зорьж, тус улсын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагдсан гэсэн албан бус мэдээлэл бий. 

Учир нь манай улсын иргэн гадаадад явж байгаад “саатуулагдсан” бол манай Консулын газарт албан ёсоор тус иргэний тухай мэдэгдэл ирдэг байна. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүгч асан С.Төмөрбатын тухай мэдээлэл манай ГХЯ-ны Консулын газарт албан ёсоор АНУ-аас мэдээлэл ирээгүй байгаа ажээ. 

С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. 

-ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТЫН ААВ н.САНДАГДОРЖ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРСАН Ч БУЦААД ИРСЭН ГЭВ-

Харин зарим эх сурвалжид, Гавьяат хуульч Л.Бямбаа агсны нөхөр, шүүгч асан С.Төмөрбатын төрсөн эцэг н.Сандагдоржийг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилээр БНХАУ руу орсон гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ дагуу бид н.Сандагдорж гуайн гэрийг өчигдөр зорьсон юм. 

Тэрээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн орон сууцны хоёр давхарын ... дугаар тоотод өнөөдөр оршин сууж байна. н.Сандагдорж гуай хэрэг явдал гарснаас хойш гэртээ ганцаараа амьдарч байгаа гэх ба Үндэсний их баяр наадам /2019.07.11/-ын өмнө хилээр гарсан ч буцаж Монголдоо ирээд байгаа аж.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, “н.Сандагдорж гуай хоёр хүүтэй бөгөөд том хүү нь шүүгч асан С.Төмөрбат юм. Тэрээр Үндэсний баяр наадмын өмнө БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Бээжин хотод очсон, тэгээд удалгүй монголдоо буцаад ирсэн. Учир нь шүүгч С.Төмөрбатыг АНУ –ыг зорихоос өмнө түүнтэй Бээжин /БНХАУ-ын Нийслэл/-д очиж уулзсан байх магадлалтай” гэв.

Биднийг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд очих үеэр н.Сандагдорж гуай гэртэй байгаагүй бөгөөд түүний оршин суугаа байрны хүмүүсийн хэлж буйгаар “Биднийг ирэхээс цагийн өмнө байрныхаа урьд явж байсан” тухай хэлэв. Ямартай ч зарим эх сурвалжийн мэдээллээд байгаачлан тэрээр хилээр гарсан хэдий ч монголд эргэж ирээгүй гэдэг нь худал бололтой. 

У.УРАНЦЭЦЭГ