Европын язгуур урлагийн их наадамд Монгол Улс анх удаа оролцжээ

Европын язгуур урлагийн их наадамд Монгол Улс анх удаа оролцжээ

ХБНГУ-н Ноёштадт Холштайн хотод зохион байгуулагддаг Европын язгуур урлагийн их наадам 30 дахь удаагаа боллоо.  Энэ оны долдугаар сарын 26-аас, наймдугаар сарын 03-ны хооронд болж Монгол Улс анх удаа оролцсон байна.

Тус наадам нь хамгийн нэр хүндтэй, урт хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж буй язгуур урлагийн хамгийн том наадмын нэг юм.

Энэ жилийн наадамд 11 орны язгуур урлагийн 14 хамтлагийн 400 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсаас Бөртэ хамтлаг тэргүүтэй язгуур урлагийн бүжигчид, бие биелгээчид, биет бус өв тээгчид залуу, дунд, ахмад гурван үеийг төлөөлөн 18-аас 83 настай буурай хүртэл оролцсон аж.

Нээлтийн ажиллагаа Ноёштадт хот дундуурх орон орны үндэсний бүжиг, хөгжим бүхий парадаар эхлэн хотын төв талбайд зассан тайзан дээр улс орнуудын тусгай бэлтгэсэн тоглолтуудаар үргэлжилсэн бөгөөд манай тоглолт хөөмий, хөгжим, бий биелгээ, ардын бүжиг зэрэг хосолсон төрлөөр оролцжээ.

Нээлтийн ажиллагаанд 2,000 гаруй зочид ирсэн бол хаалтын ажиллагаанд 3000 гаруй үзэгч цуглаж, суудал олдохгүй зогсоогоороо зарим нь үзэж, нийт 50.000 үзэгчдийг хамарсан аж.