СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдөр гурван хүүхэд амиа хорлож нас барсан нь юуг илтгэж байна вэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдөр гурван хүүхэд амиа хорлож нас барсан нь юуг илтгэж байна вэ

Энэ сарын 6-ны өдөр /2021.05.06/ гурван хүүхэд амиа хорлож нас барсан хэрэг бүртгэгдэж цагдаагийн газарт шалгагдаж байна. Тодруулбал, Улаанбаатар хот болон Баянхонгор, Хэнтий аймагт дээрх хэрэг нэг өдөрт гарч нэг хүүхэд өндрөөс унасан бол хоёр нь боомилсон байдалтай олджээ. Талийгаачид 12-14 настай байсан байна.

-АМИА ХОРЛОСОН ХҮҮХДҮҮД 12-14 НАСНЫХ БАЙЖЭЭ-

Нэг өдөрт гурван хүүхэд амиа хорлож нас барсан хэрэг юуг илтгэнэ вэ. Жилд дунджаар 411 хүн амиа хорлож байгаа нь прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар тогтоогджээ. 2012-2016 онд бүртгэгдсэн 2055 тохиолдлоос 605 нь 10-14 насны буюу өсвөр насныхан байсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгд амиа хорлолт орж байна. Монгол Улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг дээрх судалгааны дүн харуулсан байна. Сүүлийн үед хүүхдийн шилжилтийн нас эрт эхэлдэг болсон гэж мэргэжилтнүүд ярьж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийнхээ орчин, нөхцөл байдлыг сайтар ажиглаж, сэтгэл зүйд нь тохирсон харилцааг үүсгэх зайлшгүй шаардлага эцэг, эхчүүдэд бий болоод байгаа юм.

-СЭТГЭЛ 3ҮЙЧИД: СУРГУУЛИУДАД СЭТГЭЛ 3ҮЙЧИЙГ АЖИЛЛУУЛАХ ТОГТМОЛ СУРГАЛТ ОРОХ-

Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчид энэ талаар‘‘ 12хон настай хүүхэд амиа хорлож буй нь ганц тухайн гэр бүлийн бус нийгмийн асуудал. Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, өссөн орчин болон амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин, хөвгүүнтэй муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг, эхтэйгээ ойлголцдоггүй, өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой байжээ. Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж, амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаад холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Өсвөр насны хүүхдүүд нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг учраас тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгох, сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэгдсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байх нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Иймд дунд сургууль, их дээд сургуулиудад сэтгэл зүйн сургалтыг тогтмол явуулж байх, мэргэжлийн сэтгэл зүйчийг ажиллуулах ШААРДЛАГАТАЙ.

Мөн багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчдадаа тавих анхаарал халамж, сурагчдынхаа эцэг эхтэй харилцаа бага, өөрийгөө хэрхэн бусдад ойлгуулах, сэтгэл гутралд орвол хэрхэн даван туулах талаар зөвлөдөггүй, тухайн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйн онцлог, ар гэрийн амьдрал зэргийг мэддэггүйн улмаас багш, сурагчдын хоорондын харилцаа сул, зөвхөн хичээлээ заагаад ангиас гарах бус хүүхдүүдийн төлөвшилд анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй. Тиймээс цэцэрлэг, арван жилийн сургуульд байхаас нь эхлээд сэтгэл зүйн боловсрол олгох, цаашлаад сэтгэл зүйн хямралд өртсөн иргэдэд туслах тусламжийн төвийг олноор байгуулах хэрэгтэй байна’’ гэжээ.

-АМИА ХОРЛОЖ БОЛ3ОШГҮЙГ ИЛТГЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД-

  • Мухардаж, эсвэл ямар ч амьдрах шалтгаангүй болсон мэт санагдаж байгаа тухайгаа ярих
  • Гарах гарцгүй болсон мэт санагдаж, эсвэл тэсэхийн аргагүй өвчин шаналал мэдэрч байгаа тухайгаа ярих
  • Бусдад ачаа дарамт болж байгаа гэж ярих
  • Согтууруулах ундаа, эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх
  • Ямар ч шалтгаангүйгээр хувийнхаа эд зүйлсийг бусдад өгөх
  • Сэтгэл нь тавгүйдэж, цухалдах, эсвэл тайван бус зан байдалтай байх
  • Өөрийгөө бусдаас тусгаарлан, ганцаардмал байдалд орох
  • Уурлаж, хилэгнэх, эсвэл өшөө авахыг эрэлхийлэх
  • Зан ааш нь огцом өөрчлөгдөж байгаа байдал ажиглагдаж байгаа бол та нэн даруй эмнэлгийн тэр тусмаа сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна.