Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн намуудыг дарамталж байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн намуудыг дарамталж байна

Өнөөдөр /2019.08.15/ Үндэсний мэдээллийн төвд Улса аврах үндэсний хөдөлгөөн, Байгалийн баялгаа хамгаалах геологчдын холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН НАМЫН ДАРГЫГ ДУУДАН СҮРДҮҮЛСЭН БАЙНА

Үүнтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагууд,

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэртэй бодлогыг нийгэмд өрнүүлж, ард түмний эрх ашгийг хаан боогдуулсан нэмэлт заалтуудыг оруулсан. Улс төрийн намуудыг худалдаж авах, дарамтлах, хууль хүчний байгууллагуудаар сүрдүүлэх тохиолдлууд гарч байна. Үүнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан намын даргыг өчигдөр /2019.08.14/ дарамталжээ. Үл таних этгээд дуудан гаргаж ирээд нэгдүгээрт, ууж буй ус цайнд чинь хор хийж өгч магадгүй, хоёрдугаарт, явган эсвэл машинтай явж байхад чинь осол гарч магадгүй. Танай намыг татан буулгах магадлалтай, 15:00 цагт болох намын дарга нарын хуралд битгий оч гэж дарамталсан байна. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг эсэргүүцэн нэгдсэн намын даргуудыг дарамталсан асуудал юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд үндэсний ард түмэн, эв нэгдлийг хагалан бутаргах зүйл заалтууд нэмэхийг оролдсон” хэмээлээ.

БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ, 3335 ЛИЦЕНЗИЙГ ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ

Улсаа аврах үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр:

“Байгалийн баялгийн тэгш хуваарилалтын төлөө 3335 тусгай зөвшөөрлийг цуцлах байр суурийг 2018 онд Монгол улсын Ерөнхий сайдад хүргүүлж байсан. Түүнчлэн холбогдох хүмүүст Монгол улсын үндсэн хуулийн 6.1-т байх “Байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна” гэж заасан бол НҮБ-ийн 1962 оны 18.03 тогтоолд “Баялгийн эзэн улс өөрсдийн баялгийн дийлэнх хувийг хүртэх ёстой гэсэн заалтыг үндэслэн Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг ашиглан эзэмшиж буй хүмүүсийг шалгах цаг болсон тул  улс орон даяар ард нийтийн төлөөлөл болсон иргэний нийгмийн байгуулга, иргэний холбоо, мэргэжлийн холбоодыг зайлшгүй байгуулж хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг цуцалж өгнө үү гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүний хариуд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх  ирүүлсэн шаардлагыг хууль журмын хүрээнд төрийн буё байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах асуудлыг судалж, эхлүүлнэ үү гэсэн асуудлыг сайд Д.Сумьяабазарт хүргүүлсэн байдаг. Харин өчигдрийн хуралдаанаар 3335 лицензийг шалгах, дүгнэх ажлын хэсгийг Ерөнхий сайд байгуулж өглөө. Манай хөдөлгөөний зүгээс энэхүү ажлын хэсэгт оролцох сонирхолтой байгаа хүмүүсийн нэрийг бичиж Л.Оюун-Эрдэнэ сайдад өнөөдөр хүргүүлнэ” хэмээсэн юм.

Байгалийн баялгаа хамгаалах геологчдын холбооны тэргүүн н.Даваасамбуу:

“Хууль зөрчиж хууль хийнэ гэдэг бол буруу асуудал учраас иргэний хөдөлгөөнүүүд үүнийг эсэргүүцэж байна. Түүнчлэн байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой. 3335 лицензийг цуцалж, хуулийн дагуу зөв зохистой ашиглах талаар судалж ажиллах ёстой” гэлээ.

Ийнхүү иргэний нийгмийн байгууллагууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн заалтуудыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрт байх 3335 тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм