Б.Чойжилсүрэн: Уурхайн үйл ажиллагааг цуцалсан шийдвэрээ Засгийн газар өгөхгүй удаж байна

Б.Чойжилсүрэн: Уурхайн үйл ажиллагааг цуцалсан шийдвэрээ Засгийн газар өгөхгүй удаж байна

Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн үйл ажиллагааг цуцлах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу тус компанийн үйл ажиллагааг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэхээр болсон билээ.

Яг энэ мэдээлэлтэй давхцан түүний үүсгэн байгуулсан “Хурд” группийн охин компани гэгдэх “Дабль Пирамид констракшн” ХХК Монгол банк болон ХЗДХЯ хооронд төрийн захиалгаар хоёр барилгыг тендер, сонгон шалгаруулалтад оролгүйгээр барьж байна гэх мэдээлэл гарч эхлэв. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тус барилгыг Хил хамгаалах ерөнхий газрын захиалгаар барьж буй ч анхнаасаа огт тендер зарлаагүй байгаа нь асуудал дагуулаад байгаа юм. Эдгээр болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-“ДАБЛЬ ПИРАМИД КОНСТРАКШН” ХХК НАДТАЙ ХОЛБООГҮЙ-

-Таны эзэмшлийн “Хурд” группийн охин компани болох “Дабль Пирамид констракшн” ХХК хотын яг төвд буюу Монгол банк, Хууль зүйн яамны дунд төрийн обьектыг барих ажлыг тендерт оролцоогүй хийж байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-“Хурд” группт “Дабль Пирамид констракшн” гэх охин компани байхгүй. Би энэ компанийг мэдэхгүй.

-“Хурд” группийн охин компаниудын спортын наадамд тус компани оролцсон баримт нь байна?

-Туслан гүйцэтгэгч компани байж мэднэ. Охин компани, туслан гүйцэтгэгч компани гэдгээ ялгах хэрэгтэй. Монголын барилгын компаниудын 80 хувь нь надтай хамтарч ажилласан. Нэг компани цутгалт хийдэг бол нөгөөх нь арматур төмөр нийлүүлдэг гэх мэт нэг барилга дээр олон туслан гүйцэтгэгч компани ажилладаг. Энэ утгаараа надтай хамтарч ажиллаж үзээгүй компани байхгүй болов уу. Буянт-Ухаа хорооллыг барьсан Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн таван компанийг бүгдийг нь би бойжуулсан, хамтарч ажиллаж байсан. Гэтэл Буян-Ухаа хорооллыг  “Хурд” барьсан гэж хэлж болохгүй биз дээ.Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниудаас өөр компани надад байхгүй.

-“Дабль Пирамид констракшн” тендер, сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр уг том барилгыг барьсан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм?

-Надаас тусдаа компанийн үйл ажиллагааг би мэдэхгүй.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж та хоёр нэг нутгийнх болохоор  энэ барилгыг барих давуу эрхийг таныг эдэлсэн гэх хардлага бий?

-Тийм зүйлгүй. Намайг нэг компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан гэж балбаж байсан даа. Түүнтэй л  ижил зүйл байна. Надтай хамтарч ажилласан бүх компани минийх байж таарахгүй шүү дээ.

-ТОС, ТОСОН БУМБЫН АСУУДАЛД УЛСТӨРЖИЛТ ОРСОН-

-Уучлаарай. Та Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн үйл ажиллагааг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг шүүхэд өгөх үү?

-Засгийн газрын шийдвэрийг надад өгөөгүй байна. Их удах юм. Шийдвэрийг нь эхлээд хараадахъя гэж бодож байна.

-Шүүхэд хандахгүй бол нөхөн олговор олж авахад хүндрэлтэй юу?

-Хуулийн дагуу л шийдэгдэх байх. 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал яригдана шүү.

-Энэ шийдвэр танай намын хоорондын зөрчлөөс үүдэлтэй юу. Тухайлбал, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхтэй холбоотой юу?

-Асуудлыг улстөржүүлсэн. Нотолгоогүй учраас яримааргүй байна.

-“Сауд гоби коэл транс” ХХК-ийн одоо олборлолт явуулж буй хэсгийг Тост, тосон бумбын нурууны тусгай хамгаалалтаас гаргасан. Хамгаалалтын бүсээс гаргануутаа ухаж эхэлсэн. Үүнд таны оролцоо бий гэсэн хардлага байдаг?

-Хамгаалалтын бүсээс 50 гаруй км-т үйл ажиллагаа явуулдаг. Ойролцоох голуудыг хоёр км татаад хамгаалалтад авсан. Янз бүрээр л гүтгэж байна.