Бурхан багшийн мэндэлсэн Их дүйчин өдрийн ач холбогдол

Бурхан багшийн мэндэлсэн Их дүйчин өдрийн ач холбогдол

Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ы өдөр /2021.05.26/ зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр таарч байгаатай холбогдуулан бүх нийтээр амарч байгаа юм. Цар тахлын үед энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх болоод Гандантэгчэнлин хийдээс ямар үйл ажиллагаа явуулах талаар тус хийдийн Монголийн Бурхан шашинтны төв, гандантэгчэнлин хийдийн гадаад харилцаа, нийгэм, олон нийтийг хариуцсан тэргүүлэгч Х.Мөнхбаатартай ярилцлаа. 

-Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдрийн ач холбогдол юу вэ?

-За хамгийн түрүүнд Бурхан шашин хэзээнээс үүсэлтэй, энэ өдрийн утга учраас дурдвал:

Энэ өдөр нь гурван их үйлс тохиол давхардсан өдөр гэж үздэг.

  1. Бурхан багшийн эхээс мэндэлсэн өдөр
  2. Төгс гэгээрлийн хутгийг олсон өдөр
  3. Их нирваанд орсон өдөр

Энэ гурван их үйл давхацсан өдрийг “Их дүйчин өдөр” хэмээгээд Монголийн бурхан шашны Гандантэгчэнлин хийдээс жил болгон уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Бурхан шашин нь анх хүннү гүрнээс дэлгэрч ирсэн бөгөөд дээр үеэсээ л Монголчууд дунд өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн байдаг. Бурханы шашин төрийн шашин ч болж байсан түүхтэй улс шүү дээ.

-Энэхүү баярыг дээр үеэсээ яаж, хэрхэн тэмдэглэж ирсэн бэ?

Тэмдэглэхдээ зүгээр нэг тэмдэглэдэггүй байсан. Арван цагаан буяныг дэлгэрүүлж, арван хар нүглийг тэвчих, ийм ач холбогдолтой тэмдэглэж ирсэн байдаг.

Арван хар нүглээс дурдвал:

Биеэр үйлдэх 3 нүгэл

  • Амьтны амь таслах
  • Хулгай хийх (эс өгснийг авах)
  • Ариун бус явдал

Хэлээр үйлдэх 4 нүгэл

  • Худал ярих
  • Хов өгүүлэх
  • Ширүүн үг өгүүлэх
  • Дэмий чалчих

Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл

  • Хүсэл шунал
  • Хорон сэтгэл
  • Буруу үзэл

Эдгээрийг тэвчиж чадвал, үйлс бүтэмжтэй байна гэж үздэг. Энэ баярыг зөвхөн Монголд тэмдэглээд байна уу гээд үзэхээр тийм биш, бусад оронд ч бас өргөн тэмдэглэдэг.Баяр ёслолын байдлаар, ач холбогдлын хувьд өндрөөр үнэлээд НҮБ-аас ч тогтоол гарган их дүйчин өдрийг тэмдэглэн нийт хүн төрөлхтний сайн сайхан, бусдад үйлчлэхийн утга учрыг гаргадаг өдөр учраас онцгойлон өндрөөр үнэлж тэмдэглэдэг.

-Манай улсын хувьд одоо яаж тэмдэглэдэг вэ?

2019 оны 12 сард УИХ-аар баяр ёслолын өдрүүдэд өөрчлөлт оруулан энэ өдрийг  бүх нийтийн амралтын өдөр болгосон. Үүнээс өмнө аль чадлаараа хот, орон нутгийн сүм хийд, бурхан шашны үйл ажиллагаагаар явдаг төрийн бус байгууллагатай хамтраад бурхан багшийн үнэ цэнийг сурталчлах, арван цагаан буяныг дэлгэрүүлэх үйл хэрэг хийдэг байсан. Харин 2020 онтой золгоход цахим орчноор тэмдэглэсэн. Энэ жил бас ялгаагүй нийгмийн сүлжээг ашиглан ном уншиж тэмдэглэж байна даа. Дараа жилээс сургаал номлолыг  олон хүнийг хамруулж, суртчилан таниулах ажлуудыг хийгээд явна.

-Энэ жилийн онцлог?

Монголийн Бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийдийн дэргэд байдаг ТББ болох Монголийн сүсэгтний холбоо санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарьж байгаа. Хувь хүмүүс бас холбогдоод оролцоход бүрэн нээлттэй үйл ажиллагаа юм. Орон нутагт бол хийдүүд өөр өөрсдийнхөөрөө янз бүрээр үйл ажиллагаанууд хийж байгаа.

-Түүхээс дурдвал?

1944 оноос хойш Бурхан шашин сэргээгдэж ирсэн бөгөөд уг онд АНУ-ын тухайн үеийн  ерөнхийлөгч Хенри Эгард Уоллес зочлон ирсэн байдаг бөгөөд тэр үед энэ хүн монголд шашин шүтэх эрх чөлөө байна уу үгүй юу гэдгийг өөрийн биеэр үзмээр байна, Монголд очоод гол сүмээр нь орох хүсэлтийн дагуу төр засаг хурдан арга хэмжээ авч, гандангийн голд байрлах дуганыг “Мөргөлийн сүм” нэртэй байгуулж байсан түүхтэй.