ФОТО: 700-800 жилийн өмнөх Монголын эзэнт гүрний үнэт, ховор олдворуудыг дэлгэлээ

ФОТО: 700-800 жилийн өмнөх Монголын эзэнт гүрний үнэт, ховор олдворуудыг дэлгэлээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг уулнаас 700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн гурван ваар өрөм, нэг ваар шар тос олдсон талаар тус олдворыг олсон судалгааны багаас мэдээлэл хийлээ. 

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж, ийнхүү эд өлгийн ховор дурсгалуудыг илрүүлсэн байна. 

Нийт 1000 гаруй булш байгаагаас 100 гаруй нь тоногдсон бөгөөд эдгээр тоногдсон булшинд судалгаа хийжээ.

Судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байгаа бөгөөд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

-МАШ ОЛОН ҮЗМЭР ҮЛДСЭН. ТЭР ҮЗМЭРҮҮД ХУЛГАЙ, ТОНУУЛД ОРЖ МАГАДГҮЙ УЧИР ХАМГААЛАХ ЁСТОЙ-

Тэд Монголын төдийгүй дэлхийн архелогийн олдворт нээлт болохуйц олдворуудыг нээсэн гэдгийг энэ үеэр хэлж байлаа. 

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр, хазаарын амгай, дөрөө гээд хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох 1000 гаруй тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулжээ.

Ж.БАЯРСАЙХАН: ЭДГЭЭР ОЛДВОРЫГ ТОНОГДСОН БАЙХАД НЬ ОЛСОН НЬ ХАРАМСАЛТАЙ

Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Хэрвээ нэг жил алдсан бол мөнх цэвдэг хайлж өрөм, шар тос хайлах байсан. Ухмал модон авс дотор хүнээ хийгээд торгоор доторлоод дээл хувцсыг хийгээд гадна талаар ширээр бүрсэн байсан. Толгой тал дээр нь баарыг тавьсан байсан. Арай эрт дүгнэлт байж магадгүй ч өрөм, шар тосоор зул барьдаг байсан болов уу гэсэн төсөөлөл байна. Хоёр ваарны голоос өргөн зулын гол олдсон.

Тоносон булшийг малтахад музей байгуулах хэмжээний олдвор байна гэдгийг төр засагт уламжилсан бөгөөд энэ мэдээллийн араас хулгай, тонуул явах учраас хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцолж байна.

Хэдийгээр ховор олдвор олдсон ч эдгээр олдворыг тонуулчдад тоногдсон булшнаас олсон гэдгийг хэлж байгааадаа харамсаж байна.

Цаашид энэ бүс рүү нэг ч хүнийг оруулахгүй байх арга хэмжээг аймгийн Засаг захиргаа, цагдаа, төр засаг анхаарч, хараа хяналтаа сайжруулаасай гэсэн хүсэлтийг өнөөдрийн хурлаар дамжуулан илэрхийлж байна.  Ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл зэрэг хэдэн зуун олдвор бий. Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд байга. Малтлага хийж авсан олдворуудыг цаашид судалгааны ажил хийх шаардлагатай бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран хийхээр ярилцаж байна” гэсэн юм.

Тэрбээр мөн цаашид өв соёлоо авран хамгаалах шаардлагатай байгааг Монголын  төрд сануулсан.

Тодруулбал, "Бид зөвхөн нэг хэсгийг нь авран хамгааллаа. Цаашид Дархадын хотгор, Хорьдол сарьдгийн уулсыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах, судалгаа хийж, авран хамгаалах шаардлагатай байна" гэсэн юм.

Түүнээс гадна олдворуудыг цаашид хадгалж хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байгаа учир төсөлд хамтран оролцож буй гадны байгууллагуудаас дэмжлэг авч байгааг хэлж байлаа.

-СУДАЛГААНЫ АЖИЛД МОНГОЛЫН ТАЛААС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРГААГҮЙ-

Харин АНУ-ын талаас судалгааны багийг ахалсан доктор Жулиа Кларк "800 жилийн өмнө амьдарч байсан 5-6 настай хүүхдийг хүндлэлтэйгээр оршуулсан байсан. Гэвч түүний булшийг хулгайч, тонуулчид хөндөж, ясыг нь хаа сайгүй тараасан байсан нь үнэхээр харамсалтай, гунигтай санагдсан. Судалгааны ажлыг хийхэд Монгол Улсын төрөөс нэг ч төгрөг гаргаагүй. Соёлын өвийг хамгаалахад зөвхөн нэг байгууллагын ажил бус төр засаг, олон нийтийн хамтын ажиллагаа чухал байна. Соёлын өвийг устгаж буй гэмт хэргийн эсрэг олон нийт хамтран ажиллах шаардлагатай. Соёлыг өвийг хамгаалах нийт олны ажил" гэсэн юм.

Тэд эд өлгийн зүйлийг авчрахын тулд тусгай мөстэй саванд хийж авчирч иржээ. Мөс хайлангуут нэмж мөс хийсээр Улаанбаатарт авчиржээ.