Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сард болсон. Тэгвэл начны биеийн байдал сайжрахгүй байсаар БНСУ-руу гэр бүлийнхэн нь эмчлүүлэхээр явуулсан билээ.
Э.Энхбатын эхнэр өмнө нь хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Цахим орчинд Э.Энхбат юм түшиж алхаж, ярьж хэлэх нь хэвийн болсон гэх худал мэдээллүүд цацагдаж байна. Юм түшиж алхаж байгаа гэдэг худал. Нөхөр маань ухаан орсон ч хөл гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байгаа” гэсэн юм.
Тэгвэл тэрээр өнөөдөр цахим хуудаснаа нөхөртөө хандаж, “Эхнэр хүүхдээ орхихгүй гэдгийг мэдэж байгаа болохоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ. Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч” гэсэн байна.