ФОТО: Хүй долоон худагт барьсан “Их хааны гэр өргөө”-г буулгана

ФОТО: Хүй долоон худагт барьсан “Их хааны гэр өргөө”-г буулгана

Коронавируст халдварын улмаас Үндэсний их баяр наадам хоёрдохь жилдээ цахимаар зохион байгуулагдаж байна. Иймд манай сурвалжлах баг наадмын нээлтийн бэлтгэл ажил, зохион байгуулалт хэр явж байгаа талаар мэдээлэл хүргэхээр Хүй долоон худагт очлоо.

-ХҮЙ ДОЛООН ХУДАГТ КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА-

Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй тул цар тахлын нөхцөл байдал хүнд байсан ч төрт ёсоо дээдэлж, наадмын нээлтийн контентийг бэлтгэж баяр наадмын өдрөөр иргэдийн хүртээл болгоно гэж мэдэгдсэн. Улаанбаатар хотоос 30 км зайд Хүй долоон худгийн дэнжид баяр наадмын үйл ажиллагаа, нээлтийг зохион байгуулах баг бэлтгэлээ базааж буй цэгт очиход хамгийн түрүүнд шинжилгээний асар угтлаа.

Учир нь энд ирсэн хүн бүр эхлээд ногоон асарт орж коронавирус илрүүлэх түргэвчилсэн тест өгөх ёстой аж.

Шинжилгээний хариуг 20 минут хүлээсний эцэст цааш явах эрхтэй болно. Сөрөг хэмээн хариу авсан хүмүүс наадмын ажилчдыг зөөвөрлөх үүрэгтэй жижиг автобусаар цааш явж наадмын контентыг хийх тайз бүхий асар, гэрүүд рүү очно.Баруунхан талд нь цагдаа, онцгой байдлын алба хаагчдын байрлах хээрийн зориулалт бүхий 30 асар майхан, био 00 зэрэг харагдана. Наадмыг хийх төв цэгт очмогч марал бугын сийлбэр бүхий хаалга угтан авч урд зүгт харвал тайз харагдах аж. Тайзны чанх хойд талд “Их хааны өргөө гэр”-ийг байрлуулж үүдэнд нь манах хүрэл арслангуудыг будаж байв. Тайзны баруун, зүүн талд албан байгууллага болон аймгуудын төлөөллөөс бэлэглэсэн асар наадмын зохиомжид хэрэглэгдэх жижиг гэрүүдийн цуг эгнэнэ. Харин өчигдөр /2021.07.01/ УОК-ийн мэдээллийн үеэр Улсын баяр наадам хойшилсон тохиолдолд эдгээр гэр өргөөнүүдийг буулгана гэж мэдэгдсэн юм.

-НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЗҮҮЛБЭР ДУУСАХ ШАТАНДАА ОРЖЭЭ-

Зүлэг ногоон дэвжээг тойрон Их Монгол Улсын туг, Монгол Улсын төрийн далбаа намирч байхад баруун хойхно соёл урлагынхан нээлтийн ёслолын бичлэгтээ анхаарч бэлтгэлээ базааж байлаа. Хурдан морь уяачдын хувьд хойхно талд уяа сойлгоо бэлдэж байгаа хэмээн дуулдсан юм. Харин сур харваачдын тухайд тэд тоглолтод зориулж бэлдсэн гэрүүдээс наана бэлтгэлээ базааж байв. Хүчит бөхийн барилдаанд зодоглох 1024 бөх бэлтгэлээ базааж, энэ сарын есөнд /2021-07-09/  ПСР шинжилгээ өгч 10-нд нэгдсэн журмаар хүй долоо худагт ирнэ хэмээн мэдэгдэж байлаа. Харин биднийг сурвалжлахаар очсоны дараа баяр наадмыг нэг жилээр хойшлуулах санал УОК-оос гаргасан билээ. Мөн бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан цуцлагдсан ч наадмын нээлтийн үзүүлбэрийг бэлдэж, дуусах шатандаа орсон тул  ард иргэддээ үзүүлнэ хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа мэдэгдсэн юм.

ФОТО ҮЗЭХ: