Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт орших “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байсан нэг иргэн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд энэ сарын 12-ны ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид долдугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас 23:00 цаг хүртэл Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрийн байдлаар тус сумын Бор бургас багийн “Бага Түргэний хүрхрээ” гэдэг газарт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүрхрээний 5 метрийн гүн усанд 6 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт усанд осолдож, сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна.