Өнөөдрийн байдлаар усанд осолдсон ТАВАН иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар усанд осолдсон ТАВАН иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Жил бүрийн баяр наадмын үеэр иргэдийн амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулан усны осол болон зам тээврийн осол ихээр гардаг. Үүнтэй холбогдуулан ЦЕГ болон ОБЕГ-ууд хамтран болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сануулгыг хүргэсээр байдаг атал энэ мэтийн ослууд гарч, иргэд амь насаа алдсаар байгаа нь харамсалтай.

Тэгвэл өнөөдрийн байдлаар /2021.07.15/ Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр усанд осолдсон байж болзошгүй нийт ТАВАН иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.

Тодруулбал, энэ долдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт “Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг энэ долдугаар сарын 9-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна. Одоогоор тус аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийнхан иргэн Н 50 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг одоог хүртэл зохион байгуулж байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О 21 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж одоог хүртэл эрэн хайж байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар 12 хүн “Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас 1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/ хальтарч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч Орхон аймгийн харьяат иргэн Д  35 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг хүч нэмэн зохион байгуулж байна.

Мөн энэ долдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д 6 хүн Туул голын эрэг дээр зугаалж байснаас 1 хүн живсэн байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн  М 19 настай эрэгтэй архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ алга болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж, олдоогүй тул өнөөдөр 05:00 цагт дахин эхлүүлжээ.

Баянхонгор аймгийн Богд сумын Алтай багийн “Их богд” ууланд “Битүүтийн-Эх” гэдэг нууранд Нуурын эргээр морьтой 4 хүн явж байснаас 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 23:50 цагт хүлээн авч, тус сумын харьяат иргэн Б 26 настай, эрэгтэйг морьтойгоо нууранд живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар долдугаар сарын 15-ны өдрийн 05:20 цагт Богд сумын чиглэлд алба хаагчид зорьжээ.