Дорноговь аймгийн Замын-Үүдэд коронавирусийн халдварын нөхцөл байдлаас болж өнгөрсөн баяр наадмын үеүдэд хэсэгчлэн хөл хорио тогтоож, хилээ хаагаад байсан бол өнөөдрөөс хил нээгдэж, цагийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн. Тэгвэл Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байгаа билээ. Үүнд:
- Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилсон.
- Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргасан.
- Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлсэн.
- Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байгаа талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээлсэн юм.