Л.Энх-Амгалан сайд үгээрээ биднийг дарангуйлж, дээрэлхэж, элэг барьж байна гэв

Л.Энх-Амгалан сайд үгээрээ биднийг дарангуйлж, дээрэлхэж, элэг барьж байна гэв

Өчигдөр /2021.07.19/ Хөгжим бүжгийн коллежийн багш нар Монгол улсын Консерваторийн хашаанд Боловсролын төв барихаар болсныг эсэргүүцэн хөгжимтэй жагсаал зохион байгуулж, Боловсрол  Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандаж газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлсэн.

Тэгвэл тус асуудлаар мөн өчигдөр /2021.07.19/ БШУС Л.Энх-Амгалан мэдэгдэл хийж “Энэ Консерватори бол газрыг эзэмшигч, өмчлөгч нь биш. Боловсролын яам өмчлөгч нь. Яамны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаатай эзэмшдэг”  гэсэн бол харин Консерваторийн Түр хорооноос өнөөдөр /2021.07.20/ 12:00 цагт дараах мэдээллийг өглөө.

Монгол Улсын гавьяат багш М.Зоригт мэдэгдэлдээ, “Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бидний эсэргүүцлийг улс төрийн захиалгат гэж хэлснийг та бүхэн мэднэ. Бидэнд ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй. Хамгийн гол нь зориулалтын газарт нь зориулалтын барилгаа барихыг л шаардаж байна. Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн барилга барих нэрийдлээр газрын наймаа хийхийг эсэргүүцэж байгаа юм. Боловсролын үнэлгээний төв баригдсанаар хүүхдүүд гишгэх газаргүй, машинд дайруулбал яах вэ? Л.Энх-Амгалан сайдын хэлснээр 0.5 га хүрэхгүй газарт л Боловсролын үнэлгээний төвийг барина. Гэвч зураг төсөлтэйгөө зөрж байна. Төслийн зурагнаас харвал маш том барилга. Мөн Л.Энх-Амгалан сайд “Консерватори бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь” гэж хэлсэн. Олон нийт төрийн мэдлийн газрыг л эзэмшигч сургууль булаацалдаж эсэргүүцэж байна гэж ойлгохоор байгаа юм.  Уучлаарай, Үндсэн хууль болон Төрийн болон Орон нутгийн тухай хуульд яамдын өмчлөлд газар байна гэсэн заалт байхгүй. Үүнийг ноцтой зөрчсөн.

Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган мэдэгдэлдээ, “Өчигдрийн хийсэн Л.Энх-Амгалан сайдын мэдээлэл ямар ч үндэслэлгүй байна. Тэрбээр “Газраа алдсан байхад нь та нарт авч өглөө. Үүний оронд газрын багахан хэсэгт барилгуудыг бариул” гэж бидэнд тулгаж шаардаж байгаа нь ойлгомжгүй зүйл ярьсан ба зураг төсөл дээр, 0.3 га газарт маш том 10 гаруй давхар барилгын цогцолбор байгаа юм. Ийм барилгад хүүхдүүд хичээллэж чадах уу? Хүүхдийн аюулгүй орчныг нэгдүгээрт тавьж байна. Яамны харьяа цогцолбор барилгыг заавал Консерваторийн хашаанд биш хуучин циркийн хажууд барьж болно. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр “Бид өмчөө мэддэг юм” гэж хэлсэн нь таалагдсангүй. Энэ үгээрээ биднийг дарангуйлж, дээрэлхэж, элэг барьсан. Гэтэл салбарын сайд төрийн төмөр нүүрээ зургаан настнуудад харуулж байна. Энэ сургуулийн хашаагаар зургаан настнууд хийлээ даахгүй гүйдэг юм” гэсэн юм.