Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хүчит шонхор худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт хяналт тавих тухай чиглэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хүргүүлжээ.
Тодруулбал “Хүчит шонхор худалдааны төв нь Нийслэлийн засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаарыг мөрдөхгүй, 04.00 цагт үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь бусад ижил үйл ажиллагаа эрхэлж буй зах худалдааны төвийн өрсөлдөх боломжид сөргөөр нөлөөлж, махны үнийг өсгөх, хүний бөөгнөрөл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд хүнсний зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж, захирамжийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх авто замын товчоогоор ирж буй мах ачсан тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжтой, нийслэлийн дөрвөн чиглэлд байрлалтай томоохон зах, худалдааны төвүүдээр хүний бөөгнөрөл үүсэхээргүй нөхцөлд худалдан борлуулах арга хэмжээ авч, эрүүл ахуй халдвар хамгаалалтын дэглэмд нийцүүлэн ажиллана уу” гэжээ.