“Нарны хүү Сарны охин” ХХК-д залиулсан иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ

“Нарны хүү Сарны охин” ХХК-д залиулсан иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ

Орон сууцны урьдчилгаа нэрийдлээр 800 гаруй иргэний 12 тэрбум төгрөг залилсан “Нарны хүү, Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, аудитын дүгнэлт дутуу байна гэх шалтгаанаар шүүхээс буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлээд байсан билээ.

Тэгвэл энэ наймдугаар сарын 9-ны өдөр дахин тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох бөгөөд өнөөдөр /2021.08.02/ тус компаниас болж хохирсон иргэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжжээ.

Хохирогчдын төлөөлөл хэлэхдээ, “Бүхэл бүтэн гурван жил энэ хэрэг шүүхээр явж байна. Одоог хүртэл дорвитой хариу гараагүй. Одоо энэ наймдугаар сарын 9-нд болох шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг дээр дахиж ямар нэг зүйл дутуу гэх шалтгаанаар прокурорт буцааж шийдвэрлэх юм бол бид гэрээслэл бичиж амиа хорлох хүртэл түвшинд хүрнэ. Иймд төр засгаас энэ шүүх хяналтад ямар нэг арга хэмжээ авч, энэ хэргийг шийдвэрлэж, Д.Гүрсоронз гэх залууг цагдан хорьж, яллаж, иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй” гэсэн юм. Мөн Д.Гүрсоронзыг шүүхтэй ашиг сонирхлын ямар нэг зүйл байна хэмээн үзэж байгаа аж. Учир нь шүүхээс бүх зүйл илт болчхоод байхад хэргийг хойшлуулж удааж байгаа нь ийм таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа гэсэн юм.