Агаарын шоу үзүүлэх сөнөөгч онгоцууд "Чингис хаан" ОУНБ-д газардлаа

Агаарын шоу үзүүлэх сөнөөгч онгоцууд "Чингис хаан" ОУНБ-д газардлаа

Агаарын шоу үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцууд "Чингис хаан" ОУНБ-д газардлаа. Тодруулбал, ОХУ-ын Агаар, сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр газардлаа.

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-нд  12.00-14.00 цагт Хүй долоон худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан ширхэг  Су-27 онгоцтой байгуулагдаж байжээ. 

Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.