БНХАУ-ын Тяньжин боомт дээр яг одоогийн байдлаар 4378 Монгол улсын импортын чингэлэг байгаа. Энэ асуудлаар өнөөдөр /2021.08.10/ гадаад хэргийн яамны зүгээс хоёр орны талаас цар тахлын нөхцөл байдалд зохицон аль болох хурдлуулах, нааштай шийдэх тал дээр анхаарч ажиллаж байна гэсэн юм. Тэгвэл Зам тээврийн яамнаас Тяньжин боомт дээр гацсан ачаа барааг юуны улмаас удаж байгаа талаар мөн мэдэгдэл хийлээ.
"Зам тээврийн яамны зүгээс одоогоор Бээжин дэх элчин сайдын яамтай холбогдон уг боомтод гацаад байгаа 4311 чингэлгийг ойрын хугацаанд эрээн чиглэлд тээвэрлүүлэх хүсэлтээ тавиад байгаа. Анх тавдугаар сараас Тяньжин боомтод чингэлэг гацаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан холбогдох байгууллагынхан хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Улаанбаатар төмөр зам, ГХЯ, Тяньжин, Бээжин, Эрээнд байрлах бүх төлөөлөгч нартай холбогдож бүхий л арга хэмжээг авч байна. Бидний зүгээс ямар нэг асуудал огт байхгүй бид эрээн өртөөнөөс Замын үүд боомтод ороод ирвэл шууд л наашаа оруулж ирэхээр бүх зүйл зохицуулагдсан. Гол нь тээвэр зуучийн байгууллага хооронд үл ойлголцол гарсан" гэсэн мэдээллийг өгсөн юм.