Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудал үе үе сөхөгдөж, МАН доторх олонх, цөөнхийн зөрчил үргэлжилж байна. Сөрөг хүчин болон МАН-ын цөөнхийн талд Засгийн газрыг огцруулах сонирхол байгаа ч одоогоор үүнд хүрэхүйц кноп тэдэнд алга.
"МАН-ЫН ОЛОНХ, ЦӨӨНХ БУУЛТ ХИЙХ БУС ӨӨР ӨӨРИЙН БАЙР СУУРИН ДЭЭРЭЭ ХАТУУ ЗОГСОВ"
Тиймээс цөөнхийн тал олонхтой тодорхой хэмжээнд тохиролцох санал тавьсан ч Н.Учрал “буулт” хийхгүй гэсэн шийдэлд хүрсэн бололтой. МАН-ын ЕНБД Я.Содбаатарын “Засгийн газрыг огцруулах гэвэл намаасаа хөөнө” гэх мэдэгдэл, Н.Учрал С.Амарсайханг ХЗДХ-ийн сайдаас огцруулсан үйл явдал ч энэ байр суурийг илтгэх шиг. Өөрөөр хэлбэл, хоёр тал харилцан буулт хийхээс илүүтэй өөр өөрийн байр суурин дээрээ хатуу зогсох сонголт хийж эхэлжээ.
Үүнийг өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы ирцээс ч харж болно. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын гишүүд чуулганыг бойкотлосны улмаас ирц хүрээгүй бөгөөд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэж чадсангүй.
"МАН-ЫН БАГА ХУРЛЫН ОЛОНХ Н.УЧРАЛЫН ТАЛД БАЙГАА ГЭХ ТООЦОО БИЙ"
Гэхдээ энэ бүх зөрчлийн цаана нэг л бодит үнэн бий. Н.Учралын Засгийн газар огцорвол дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Харин уг томилгоог хийх эрх бүхий МАН-ын Бага хурлын 597 гишүүний талаас илүү хувь нь Н.Учралын талд байгаа гэх тооцоо бий. Хэрэв шинэ Ерөнхий сайдыг хуульд заасан хугацаанд томилж чадахгүйд хүрвэл УИХ тарах, ээлжит бус сонгуульд хүрэх холын зураглал ч харагдаж байна.
"Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН МЭДЭГДЭЛ МАН-ЫН ЦӨӨНХ, СӨРӨГ ХҮЧИН РҮҮ ЧИГЛЭВ"
Ийм ээдрээтэй нөхцөлд Засгийн газрыг огцруулах эсэх, чуулганы ирц, талуудын дараалсан мэдэгдэл олны анхаарлын төвд байгаа. Харин энэ бүхний дунд нэг хүний үйлдэл харьцангуй анзаарагдалгүй өнгөрөв. Тэр бол Боловсролын сайд Л.Энх-Амгалан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт улс төрийн анхаарал татахуйц хоёр мэдэгдэл хийлээ.
Нэгдүгээрт, “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт зарцуулах 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхдийг “Монголын төрийг харлуулж, хагалж байгаа бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа” хэмээн нэрлэв.
Хоёрдугаарт, АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төсвөөс гурван жил дараалан жил бүр 1.3 тэрбум төгрөг авч байсан, Л.Гантөмөрийн нэг сургууль төсвөөс санхүүжилт авч байгаа талаар мэдэгдсэн. Үүний хариуд О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө цэвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн.
"Л.ЭНХ-АМГАЛАН БОЛ ДӨРВӨН УДАА УИХ-Д СОНГОГДСОН ТУРШЛАГАТАЙ УЛСТӨРЧ"
Эндээс нэг зүйл анхаарал татна. Л.Энх-Амгалан бол дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Боловсролын сайд, ГБХНХ-ын сайд, байнгын хорооны дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан улс төрийн туршлагатай хүн. Ийм хэмжээний улс төрийн туршлагатай улстөрч улс төрийн хамгийн эмзэг үед дараалан ийм мэдэгдэл хийж байгаа нь зүгээр нэг тохиолдол гэж харахад бэрх.
Ялангуяа, Засгийн газар огцрох эсэх дээрээ туйлын эмзэг, МАН доторх хагарал гүнзгийрсэн, сөрөг хүчин болон намын цөөнхийн зүгээс дарамт нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газрын нэг сайд эсрэг талынхнаа ил тод галд дуудаж, улс төрийн зөрчлийг улам хурцатгах нь анхаарал татахгүй байхын аргагүй. Уг нь Засгийн газрын гишүүний хувьд тэр гал унтраах, ядаж зөрчлийг намжаах байр суурь баримтлах боломжтой. Гэтэл эсрэгээрээ сөрөг талд шинэ зэв өгч, өөрийн гараар шинэ фронт нээж байгаа мэт харагдав.
Тиймээс Л.Энх-Амгалангийн энэ үйлдлийг зөвхөн салбарынхаа төсөв, бодлогыг хамгаалсан улс төрийн тактик гэж харахад бас эргэлзээ төрнө. Магадгүй, тэр Н.Учралын Засгийн газрыг огцруулах, МАН-ын дотоод хагарлыг улам гүнзгийрүүлэх сонирхолтой байж болох юм. Ямартай ч Засгийн газар хамгийн хүнд үедээ орчихсон энэ цаг үед түүний нэг сайд гал дээр тос нэмж байгаа нь анхаарал татахуйц үйлдэл мөн. Товчхондоо, Н.Учралын Засгийн газрыг хамгаалах учиртай Л.Энх-Амгалан өөрийн үйлдлээрээ Засгийн газрын доторх “түгжилмаа” болж харагдав.