Өнгөрсөн тавдугаар сард "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль"-;д нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ. Тэгвэл хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмжид хамрагдах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг авч эхэлжээ.
Иргэд халамжийн нэгдсэн систем болох /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргах юм. Уг тэтгэмжид хамрагдах иргэд:
- Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
- Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх.
- Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
- Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлагыг хангасан байж тэтгэмжид хамрагдана.
Эдгээр шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгана.
ХХҮЕГ-аас "Иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай" гэсэн байна.