Баян-Өлгий аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 15-25-ны хооронд арван хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг хаах саналыг гаргажээ.
Уг асуудлаар Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах аж. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагуудын ажилтнууд өвдөж байна. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналаа АОК-т танилцуулна.
Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг мөн хөндөж тавина" гэлээ.