СУРВАЛЖИЛГА: “Сүнстэй” гэж таамагладаг барилгыг нураалгүй, иргэдтэй тохиролцон, сэргээн засварлаж эхэлжээ

СУРВАЛЖИЛГА: “Сүнстэй” гэж таамагладаг барилгыг нураалгүй, иргэдтэй тохиролцон, сэргээн засварлаж эхэлжээ

Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2006 оноос нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бидний мэдэхээр 120 мянгатын уулзвараас 19-р хороолол руу явах зам дагуу 12 давхар дутуу баригдсан барилга хотын өнгө үзэмжид нөлөөлдөг талаар иргэд хажуугаар нь өнгөрөх бүрдээ л элдвийг бодож өнгөрдөг байсан билээ.

Тэгвэл саяхнаас цахим орчинд "тус барилгыг нураахаар болсон" гэж зарим иргэд мэдээллэх болсон бөгөөд чухам яагаад хэрхэн ингэж удаан хугацааны дараа нураахаар болсон талаар тодруулахаар тус газрыг зорьсон юм.

-ОРШИН СУУГЧИД "НАР ХАЛХАЛЖ БАЙНА" ХЭМЭЭН ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

Уг барилгыг тэр хавийн гэлтгүй нийслэлийн зарим иргэд “сүнстэй барилга”, “баригдах явцад хүн унаж нас барсан учраас ингэж орхигдсон” гэх мэт элдвийн таамаг дэвшүүлцгээж өдийг хүрсэн билээ. Тэгвэл тус барилга нь анх баригдаж эхлэх үеэсээ л хэл ам дагуулж байсан төдийгүй яг ард талын 14, 15-р байрны оршин суугчдын цонхыг халхалж нар үзүүлэхгүй байна гэсэн шалтгаанаар иргэд гомдол мэдүүлж 2009 онд шүүхээс тус барилгын ажлыг зогсоож, нураах шийдвэр гаргасан ч өдийг хүртэл эзэнгүй мэт балгас хэвэндээ үлдээд байсан байна.

Энэ нь нэг талдаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж нураах нь зөв гэж үзэж байсан ч нөгөө талдаа тэнд анх барилга барих зөвшөөрөл өгсөн дарга нарын буруу ч гэх асуудал хөндөгдөж байв.

Хэрэв газрын холбогдох байгууллагынхан тус барилгын албан байгууллагад эрсдэлээ тооцож барилга барих зөвшөөрөл өгөөгүй байсан бол анхнаасаа ийм асуудал гарч иргэд ч, хувийн хэвшил ч өөрсдийн хөрөнгө болон цаг хугацаагаар хохирохгүй байсан гэж үзэх нь бий.

-БАРИЛГЫГ НУРААГААГҮЙ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА-

Биднийг очиход тус барилгын гадаа автомашинууд их харагдах бөгөөд нэлээдгүй ажилчид нураах гэхээсээ илүүтэй уг барилгыг засаж байгаа мэт харагдсан юм. Иймд бид тус барилгын харуулын ажилтнаас тодруулахад, “Энэ барилгыг нураагаагүй. Сэргээн завсарлаж байгаа юм. Таныг холбогдох хүнтэй нь холбуулж өгье” гэсэн юм. Анхандаа энэхүү барилга дотор талын л засвар дуусаагүй байхад нь барилгын ажлыг зогсоох шийдвэр гарч байсан ба энэ нь ихээхэн төгрөгийн хохирол амсаж байсан талаар ч зарим ажилчид хэлсэн юм. Мөн гадна талын засварын ажил 40 хувьтай явж байгаа бөгөөд фасадыг нь хийж байгаа харагдсан юм. 

Ингээд тус барилгын эзэн компани болох “Адора”-ийн ерөнхий менежертэй холбогдон тодруулахад, “Энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж засварын ажил эхэлсэн. Анхандаа хойд талын байрны айлуудтай тохиролцож чадахгүйн улмаас барилгын ажил нэлээн удаан хугацаанд зогсож саяхан тохиролцож ийнхүү дахин эхлээд байна. Оффисын зориулалттай арван давхар барилга барьж байгаа. Энэ ондоо багтааж дуусах зорилготой байна” гэсэн юм. Ийнхүү тус барилгыг оршин суугчидтай тохиролцсоны үр дүнд олон жилийн дараа дахин сэргээн завсарлахаар болсон нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа үе үеийн газар олголтын холбогдох байгууллагын дарга нарт газар олгохдоо иргэдийн эрх ашгийг болоод хувь, албан байгууллагын эрх ашгийг харгалзан үзэж цаашид анхаарах шаардлагатайг энэхүү асуудал сануулж байгаа юм.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө