Энэ наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкаас Монгол улсын нэр бүхий иргэнд хаяглаж гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетамин ирснийг илрүүлээд байсан билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.08.16/ Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх тасгаас мэдээлэл хийлээ. "Энэ наймдугаар сарын 11-ны өдөр Өмнөд Африкаас Монгол улсын нэр бүхий иргэнд их хэмжээний сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуурхай илрүүлээд байгаа. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэлээр буруу ташаа мэдээлэл иргэдэд түгээж байна. Тийм учраас баталгаагүй худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. Одоогоор тус хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Б, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э нарыг саатуулаад байгаа бөгөөд иргэн Э нь өмнө нь 2010 онд ХонгКонг улсад мөн хар тамхины хэрэгт холбогдож арван жилийн хорих ял эдлэн 2020 онд Монгол улсад ирсэн болох нь тогтоогдсон. Иймд бид тус бодисыг ямар этгээд явуулсан талаар шалгаж тогтоохоор ажиллаж байна" гэсэн юм.
.