Өнөөдөр /2021.08.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг корпорац болгон өөрчлөх асуудлыг танилцуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Эрдэнэс Монгол компанийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх үүднээс өөрчлөлт хийе гэж Засгийн газар зорьж байгаа. Энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас танилцуулга хийгдэнэ.
Одоогоор манайд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн төрийн өмчийн оролцоотой 500 гаруй ААН байдаг. Үүнээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд хяналтад 107 хуулийн этгээд байна. Тэдгээр ААН‑үүдийн заримд нь ТӨБЗГ өөрөө шууд хяналт тавьдаг, заримд нь яамдууд хяналт тавьдаг.
Төрийн өмчийн харилцаанд орж эхэлснээс хойш төр удирддаг эсвэл холимог тогтолцоогоор аль алинаар явж ирсэн. Одоо ч холимог хэлбэрээр байна. Харин цаашид яамдуудын хяналтад тарааж байршуулах уу эсвэл нэгдмэл байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь корпорацын зохион байгуулалтад ороод санхүү, үйл ажиллагааг нь бүрэн хяналтдаа байлгах уу бүр эсвэл одоогийн холимог хэлбэрээр явуулах уу гэдэг судалгааны материалыг танилцуулсан. Үүнийг хэлэлцээд яамдуудаас саналыг нь аваад цаашид ямар бүтцээр авч явах вэ гэдгийг шийднэ. Өнөөдөр бол танилцуулга хэлбэрээр орсон" гэсэн юм.