Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж, тээвэрлэлтийн үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж байна

Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж, тээвэрлэлтийн үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж байна

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод ажилласан. Тус багийг ажил хүлээж авах үед өдөрт импортоор 100 машин орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар улсын хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл 190 болж нэмэгджээ. Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдаад байсан 50 мянган тонн ачааны 30 гаруй мянгыг нь татан аваад байна. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг энэ сардаа багтаан татаж авахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд ачааг авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж эхэлжээ. Өнөөдөр л гэхэд БНХАУ-ын Эрээн боомтоос 69 вагон ачаа орж ирнэ гэж Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх мэдээллээ. Улсын их баяр, наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч байсан бол одоо 69 хүртэлх галт тэрэг явах боломжийг ийн бүрдүүлжээ.

Засгийн газраас томилсон ажлын баг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, 700 жолоочтой хариуцлагын гэрээ байгуулан, ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж байгаа аж. Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагууд ачаа тээвэр, үнэ тарифтай холбоотой асуудлаар хамтран ажиллаж давхар хяналт тавьж байна.