Өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах болон хүнсний ногоо тариалагч иргэд, өрх ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт ШӨХТГ-аас ногоочдод тулгараад буй талбай болон түрээс, чөлөөт худалдаа зэргийг сонгох боломжийг олгох тухай санал хүргүүлж байсан билээ.
Энэ дагуу нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болж хэд хоногийн өмнөөс иргэд хямд найдвартай эрүүл бүтээгдэхүүнээ өөрсдийн гар доороос сонгон авч хэрэглэж байна.
Тэгвэл саяхан хотын захирагч болон ШӨХТГ-аас зарим үзэсгэлэн худалдаан талбайн түрээсийг үнэ төлбөргүй болгосон гэсэн ч бодит байдал дээр талбайн түрээс үнэгүй болгосон нэрийдлээр "асрын түрээс"-ийг авч байна гэснээр ногоочид нэлээдгүй бухимдах болсон. Иймд бид тус асуудлаар бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сурвалжилхаар хэд хэдэн үзэсгэлэн худалдааг зорьсон юм.
-АСАР ЖИГД БАЙХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН ХҮЧЭЭР АСАР ТҮРЭЭСЛЭЖ БАЙНА-
Эхлээд бид УБТЗ-ын 1000 машины зогсоол дээр очиход бороо шивэрсэн сэрүүхэн байсан хэдий ч ногоочид болон иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байсан юм.
Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож буй ногоочин эмэгтэй Л.Гансувдын хэлснээр “Миний хувьд энэхүү үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас ирсэн. Манайх гурван үеэрээ ногоо тариалж ирсэн. Энэ дагуу эрүүл чанартай бүтээгдэхүүнийг ард иргэддээ хүргэх зорилготой хэдий ч талбайн түрээс гэх асуудлаар талбай түрээсэлж чадалгүй байнга замын хажууд зогсож борлуулдаг байсан юм. Харин энэ жилийн хувьд талбайн түрээс үнэгүй болсон гэж сонсоод ирж өөрийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж байна. Талбай үнэгүй хэдий ч асар, майханы түрээс гэх мэт асуудлууд гарсаар байгаа.
Мөн хогны мөнгө гэж өдөрт гурван мянган төгрөг, сарын 100 гаруй мянган төгрөг хураана гэсэн. Одоогоор хаашаа аль дансанд хийх, хэн хураах гэх мэт зүйлүүдийг мэдэхгүй байна” гэсэн юм.
Ийнхүү хэд хэдэн газраас тодруулахад энд талбайн түрээс үнэгүй харин "асраа хувь, болоод ААН-үүд өөрсдөө авчирдаг" гэлээ. Мөн тус талбайд талбайн түрээс үнэтэй, үнэгүй гэж хоёр ангилан хуваасан байсан ба үнэтэй газар нь хуучин жил жилийн үед зогсдог байсан худалдаачид гэсэн юм.
Харин Ялалтын талбайн үзэсгэлэн худалдааг бид зорин очиход харьцангуй хөл хөдөлгөөн бага байсан төдийгүй асрууд нь УБТЗ-ын 1000 машины зогсоолыг бодвол нэгэн жигд харагдаж байсан юм.
Ийнхүү мөн тэндхийн ногоочин эмэгтэйгээс талбайн түрээс болон асрын түрээсэнд өмнө нь болон одоо хэдэн төгрөг хурааж байгаа талаар лавлахад, “Би энэ ялалтын талбайд ногоо зараад 6-7 жил болж байна. Урьд нь талбайн түрээс гэж өдрийн 25 мянга, сарын 400-600 мянган төгрөг авдаг байсан. Үүнээс болоод олигтой хураасан мөнгөгүй болж нутаг руу явдаг байсан юм. Харин энэ жил талбайн түрээс үнэгүй болсон гэх сургаар холбогдох байгууллага дээр очиж бүртгүүлэн энд талбайн гэрээгээ хийж ногоогоо зарж байна.
Гэтэл бид нарыг өөрсдийн асраа тавихгүй. Нэгэн жигд асар байх ёстой хэмээн заагаад “өдрийн 130 мянган төгрөгийн түрээстэй асар түрээсэл” гэсэн.
Бид гомдол мэдүүлтэл 80 мянга болоод дахиад хүмүүс хэл ам шуурсан чинь 60 болоод 30 мянга болж буураад өнөөдөр /2021.08.23/ асрын түрээсийг бүр болихоор болсон гэсэн. Гэхдээ сая нэг хүн хүрч ирээд асрын түрээсээ төлөхгүй гэвэл энэ асраа хураана гэж сүрдүүлэх маягийн юм хэлээд явлаа. Үнэхээр асраа хураавал би энд өлсгөлөн зарлаад суучихна шүү“ гэсэн юм.
-ТАЛБАЙН ТҮРЭЭСИЙН МӨНГИЙГ ТАВАН ХОНОГООР БЭЛНЭЭР ИРЖ АВДАГ БАЙСАН. ХААШАА ЮУ РУУ ОРЖ БАЙГАА НЬ МЭДЭГДДЭГГҮЙ-
Мөн эдгээр ногоочид хаанаас хэн яг ямар журмаар мөнгө хураадаг эсэхээ сайн мэддэггүй бөгөөд урьд нь талбайн түрээсийг байнга бэлнээр өгдөг байсан гэсэн юм. Ингэхдээ таван хоногоор бэлнээр ирж аваад явдаг, дундаас нь хэн яаж үнээ нэмж хаашаа ордог нь огт мэдэгддэггүй гэлээ. Мөн “талбайн түрээс үнэгүй болсон гэх сургаар энд асар олдохгүй байгаа учир зарим ногоочид Чингэлтэй дүүргийн тус талбайг хариуцаж буй газруудтай холбогдож хэдэн төгрөг өгч байж ийшээ ирж байгаа сурагтай байна” гэж ярьж байлаа.
Хэрэв талбайн түрээслэгчид дансаар нэгдсэн байдлаар хураамж, түрээсээ авдаг байсан бол энд ямар нэг сэжиг бүхий гэж огт бодогдохгүй байсан атал өөрсдөө ийм үйлдэл хийж байгаа нь тус газарт холбогдох байгууллагынхан нь шалгалт хийх нэг сэжүүр гэж үзэж байгаа аж.