Л.Халтар: Лүнгийн замд эвдрэл гараагүй. Архангай, Хөвсгөл чиглэлийн зам үерт идэгдсэнийг засч долоо хоногийн дараа хэвийн болгоно

Л.Халтар: Лүнгийн замд эвдрэл гараагүй. Архангай, Хөвсгөл чиглэлийн зам үерт идэгдсэнийг засч долоо хоногийн дараа хэвийн болгоно

Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орсноор, улсын чанартай автозамд их, бага хэмжээний эвдрэл үүсэж байна. Тухайлбал, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж автозам сэтэрч, замын хөвөө усанд түрэгдэн эвдэрсэн. 

Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгаас урьдчилан сэргийлж хот хоорондын хөдөлгөөнд онц шаардлагагүй бол оролцохгүй байхыг ЗТХЯ-наас сэрэмжлүүлж байгаа юм. Уг замын эвдрэлийг засах асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтараас тодрууллаа. 

Тэрбээр "Яамын Шуурхай ажлын баг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна. Би газар дээр нь ажиллаж байгаад ирсэн. Лүнгийн зам биш шүү. Лүн өнгөрөөд Туулын гүүрээс цааш яваад Архангай, Хөвсгөл чиглэлийн замд уулын үер буусан байна. Доош 3000 метр идэгдсэн. Далангийн сууриас доод үеэс доош тэр чигээрээ элс байна. Тийм газрыг яалтай билээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл. Бидний хувьд далангаа өргөсгөж түр зам тавиад угаагдсан хэсэгт дүүргэлт хийж байна. Долоо хоногийн дараа хуучин трассын дагуу явах бүрэн нөхцөл байдалтай болно" гэлээ.