Нүүрсний экспорт зогссон нэг өдөрт манай улс 1.1 сая долларын орлого алдаж байна

Нүүрсний экспорт зогссон нэг өдөрт манай улс 1.1 сая долларын орлого алдаж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Цагаан хад суурьшлын бүсэд гарах халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор үйл ажиллагааг нь 14 хоногийн хугацаанд түр зогсоожээ. Уг суурьшлыг "ногоон бүс" болгон орж, гарах хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байсан ч ийнхүү халдвар илэрсэн. юм. Тэр дундаа дельта хувилбар илэрсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлээд буй. 

Үүнээс үүдэлтэйгээр  БНХАУ-ын талаас Гашуунсухайт боомттой хиллэдэг Ганцмод боомтын үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд /түүнээс цааш үргэлжилж мэдэх/ зогсоосон. Улмаар Хятадын зах зээлд цар тахлын хязгаарлалтын улмаас Монголын коксжих нүүрсний импорт зогсож болзошгүй байгаа юм. 

Тэгвэл нүүрсний экспорт зогссон нэг өдөрт манай улс 1.1 сая долларын орлого алдаж байгаа аж. 

Нөгөө талд коксжих нүүрсний экспорт доголдсоноор Хятадын зах зээлд эрэлт бий болж, зөвхөн энэ сард нүүрсний ханш дунджаар тонн тутамд 300 юаниар нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Монгол Улс Хятадын зах зээл дээрх коксжих нүүрсний импортын биет хэмжээний гуравны нэгээс илүү хувийг дангаараа бүрдүүлдэг билээ.

Монгол улсын нүүрсний экспорт зогссоноор  ОХУ, БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч болсон байна. Долоодугаар сард ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 1.2 сая тонн хүрчээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн сард БНХАУ-д 498 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь дөрөвдүгээр сараас хойших доод цэгт хүрсэн үзүүлэлт болоод байгаа юм.