Энэ сарын 11-ны өдрийн /2021.08.11/-ийн Засгийн газрын хуралдаанаар оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулах бөгөөд ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдрийн 50 мянган төгрөг болон түүнээс дээш байх боломжтой гэж мэдэгдсэн юм.
Энэ жил ургац хураалтын ажлыг ирэх сарын 15-ны өдөр /2021.09.15/ эхлүүлж нийт 470 мянган тонн ургацыг хураана гэж буй. Гэвч ургац хураалтын ажилд оролцох хүмүүс бага байгаа аж. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүнсний талонд хамрагддаг өрх, гэр бүлийг ургац хураалтын ажилд зуучилж, санал тавина гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар "Бэлтгээд, сургаад ажлын саналыг тавьж байхад татгалзвал төр засаг үүрэг хүлээхгүй гэдэг агуулга юм. Хоёр удаа ажлын санал тавина. Харин хөдөлмөрийн насны, чадвартай иргэн өөрөө хичээхгүй татгалзвал бол төр үүрэг хүлээхгүй. Энэ утгаараа бид ургац хураалтын ажилд зохион байгуулалттай оролцоно" гэжээ.
Харин ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутан, залуус болон бусад хүмүүсийг Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржээр бүртгэж буй. Энэ талаар тус биржийн захирал Т.Энхмөрөн “Энэ арга хэмжээнд баг, хамт олноороо сайн ажилласан шилдэг залуусыг тодруулж шагнана. Тухайлбал, нэгдүгээр байранд шалгарсан залуусын нэг жилийн төлбөрийг 100 хувь, хоёрдугаар байр эзэлсэн залуучуудын 80 хувь, гуравдугаар байранд орсон оюутнуудыг 50 хувиар тус тус чөлөөлнө.
Өдрийн цалинг тухайн тариаланчид янз янзаар тогтоож байгаа. Засгийн газар 40-50 мянга гэж ярьж байгаа боловч 8000 гаруй тариаланчид дундаас өдрийн 50 мянган төгрөгийн цалин өгөх хүн байхгүй. 40-50 мянга гэдгийг Засгийн газар уриалга болгож л хэлсэн. Энэ зардал мөнгийг Засгийн газар бус тариаланчид өөрсдөөсөө гаргаж байгаа. Гэтэл иргэд Засгийн газраас 50 мянган төгрөгийн цалинтай ажиллуулна гэсэн ташаа ойлголттой байна” гэсэн билээ.