ХСҮТ-ийн эмч Б.Түвшин гэр бүлээрээ Хөвсгөл аймагт сайн дураараа ажиллахаар нүүжээ

ХСҮТ-ийн эмч Б.Түвшин гэр бүлээрээ Хөвсгөл аймагт сайн дураараа ажиллахаар нүүжээ

Өнөөдөр /2021.08.30/ Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Баясгалангийн Түвшин гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сайн дураар ажиллахаар зорьжээ. 

Тэрбээр Улаанбаатар хотод төрж, өссөн бөгөөд ХСҮТ-ийн ходоодны хорт хавдрын чиглэлээр мэргэжилдээ туршлагажсан чадварлаг эмч нарын нэг байсан бол ийнхүү тус аймагт сайн дураараа ажиллаж олон залууст орон нутагт ажиллах боломжийг нээж, уриалж байгаа юм. 

Мөн тэрбээр энэ талаараа, “Хэсэг хугацаанд хамаг бүхнээ дайчлан ажиллаж, олон сайхан багш нараас сурсан мэдсэнээ бусад нөхөдтэйгээ болон хүн ардтай хуваалцах болно. Та бүхэн минь тусалж дэмжээрэй” гэсэн байна.

Түүний энэ шийдвэрийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөр, “Б.Түвшин бол хавдрын сайн мэс засалчаас гадна англи хэлний өндөр мэдлэгтэй, удирдлага зохион байгуулалтын талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай, энэ цаг үеийн шилдэг боловсон хүчний төлөөлөл. Хөвсгөл нутгийнхан бүх талаар дэмжин, ажиллах нөхцөлөөр хангаж, хамтдаа олон олон тулгамдсан асуудлын шийдлийг олсон сайхан цаг хугацаа байх болтугай!” гэжээ.