"Чингис хаан" буюу М.Баасанжаргал: У.Хүрэлсүхэд ташуур өгөхийн тулд Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болсон

"Чингис хаан" буюу М.Баасанжаргал: У.Хүрэлсүхэд ташуур өгөхийн тулд Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болсон

Ирэх аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль явагдана. Иймд тус сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтэй иргэд өнгөрөгч Лхагва гараг /2021.08.25/ -ийн өдөр хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж, 801 иргэний гарын үсэг цуглуулах ажилдаа ороод буй.

Тэгвэл Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд “Чингис хаан” гэж өөрийгөө нэрлэдэг иргэн М.Баасанжаргал бие даан нэр дэвших хүсэлтээ СЕХ-нд гаргаж, тэрээр энэ өдрүүдэд 801 хүний гарын үсэг цуглуулахаар тус аймагт ажиллаж байна. Тодруулбал, М.Баасанжаргал өчигдөр /2021.08.30/ Хэнтий аймгийн сонгуулийн хорооноос “гарын үсэг цуглуулах маягт”-аа хүлээн авсан бөгөөд “Хэнтийчүүд минь та бүхэн Чингис хаан болох зорилго тэмүүлэл өвөрлөсөн бие даагч намайг дэмжиж гарын үсэг цуглуулах ажилд минь дэм тус болж, гарынхаа үсгийг хайрлаарай” хэмээсэн. 

Түүний хувьд өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 671 хүний санал авч байсан юм. Бид түүнтэй холбогдож Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх болсон талаар болон бусад асуудлаар тодрууллаа

-ЯЛЖ, ЯЛАГДСАНААС ҮЛ ШАЛТГААЛЖ ХЭНТИЙД АМЬДАРНА-

-Нөхөн сонгуульд оролцох болсон шалтгаан тань юу вэ?

-2016 оноос хойш хотоос нүүж хөдөөд амьдарна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Нүүж чадахгүй улс төрийн ажлуудаа хийж явсаар өдийг хүрсэн. Ингээд Хэнтийд амьдрах шийдвэрийг гаргасан. Уг сонгуульд өрсөлдөх болсон шалтгаан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ташуур өгөх зорилготой. Учир нь тэр хүн уг тойргоос УИХ-д сонгогдсоныхоо дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тиймээс орон зай нь эзгүй байна. Би У.Хүрэлсүхэд энэ нутгийн иргэдийн дуу хоолойг хүргэнэ. Нутгийн иргэдийн дуу хоолой байгааг мэдрүүлнэ. Мөн тэр хүн "Баялагтаа эзэн Монгол" уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан. Тэгвэл Хэнтий аймгийн иргэд баялагтаа эзэн байж чадах эсэхийг харах гэсэн юм. 

Mиний хувьд бол сонгуульд ялна гэдэгтээ 100% итгэлтэй биш байна. Учир нь хар машинаар сонгуулийн саналыг тоолох нь хэр шударга болохыг мэдэхгүй юм.  

Хэнтийд саяхан ирсэн учир "Надад саналаа өгөөч" гээд гуйгаад л явж байна. Сонгуульд ялсан, ялагдсанаас үл шалтгаалж Хэнтийдээ амьдарна гэсэн санаа зорилготой. Тийм учраас 2024 оны УИХ-ын сонгуульд монголчууд намайг дэмжих байхаа. 

-Хэнтий аймгийг сонгох шалтгаан байсан байх. Эсвэл зөвхөн нөхөн сонгуультай холбоотой юу? 

-Архангайн Хашаат сум эсвэл Өвөрхангай аймагт амьдарн гэсэн бодолтой байсан. Нэлээн судлаад дэлхийн газрын зураг атлас, гүүгл майфаар хайж үзэхэд Хэнтий, Дорнодод асар их цөлжилт явагдаж байгаа нь харагдсан. Ингээд Хэнтийн  талд хот байгуулах нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Мөн уг бүс нутагт оготно их гарч, цөлжилт явагдаад газар ус, байгаль дэлхий минь хэцүүдээд байгаа юм шиг мэдрэгдсэн. Тиймээс өхөн сэргээлт хйиж мод тарих дараагийн эко амьдралын шинэ хэмнэлийг цогцлооход хамгийн тохиромжтой газар энд юм болов уу гэж бодсоны үндсэн дээр сонгосон доо.  Дээрээс нь Өндөрхаан уулаа түшихэд болох байхаа. 

-1000 гаруй иргэний гарын үсэг зуруулах ажил ямар шатандаа хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Одоо 30 хувьтай явж байна. Ерөнхийдөө 300 орчим  хүний гарын үсэг зуруулсан.  Маргааш гэхэл гарын үсгээ цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

С.АРИУНСУВД