Нийслэлд 50 автобус нэмэгдсэнээр иргэдийн хүлээлт багасна

Нийслэлд 50 автобус нэмэгдсэнээр иргэдийн хүлээлт багасна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд зам тээврийн ачаалал огцом нэмэгдэж иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа билээ. Тэгвэл манай улсад коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш нийтийн тээврийн автобусанд зорчигчдыг нэг суудал алгасаж суулган, хүн хоорондын зай барих чиглэл өгч ажиллуулж байсан.

Тэгвэл энэхүү чиглэл нь одоо хичээл сургууль эхэлж ачаалал огцом нэмэгдсэнтэй холбоотой мөрдөгдөх нь юу л бол хэмээн иргэд үзэл бодлоо цахимаар илэрхийлсээр байгаа. Энэ талаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилдэг байсан бол хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор мөн дээрх асуудлыг шийдвэрлэхээр автобуснуудын тоог нэмэгдүүлж 50 автобус нэмж, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх болсон” гэж мэдээлжээ.

Мөн "Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэний улмаас үйлчилгээний автобус хоорондын зай холдон, хүлээх хугацаа нэмэгдэж, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцах мөн хэт ачааллын үед халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжгүйд хүрдэг байсан бол тээврийн хэрэгсэл нэмэгдсэнээр хүмүүсийн хүлээлтийн хугацаа багасаж халдвар хамгааллын дэглэм мөрдөхөд тусална" гэсэн байна.

Г.Нандинтуяа