БАРИМТ: Нийслэлийн төсвөөс 1.4 тэрбумыг авсан “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ нь наадам, шоу, цэнгээн зохион байгуулдаг байна

БАРИМТ: Нийслэлийн төсвөөс 1.4 тэрбумыг авсан “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ нь наадам, шоу, цэнгээн зохион байгуулдаг байна

2021 оны зургадугаар сард Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах чиглэлийг Засгийн газраас өгсөн ч олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцсний улмаас  цуцалж, цахимаар хийсэн. 

Нийслэл болоод орон нутагт наадам зохион байгуулж болохгүй гэх чиглэл өгсөн атал улсын төсвөөс баяр наадмын агуулгатай үйл ажиллагаанд 1.5 тэрбум гаруй төгрөгийг зарлагадсан баримт өчигдрөөс /2021.09.01/ эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ нь өмнөх жилүүдэд наадамд зарцуулсан хөрөнгийн тэн хагастай тэнцэхүйц мөнгө юм. 

Тодруулбал, “Улаанбаатар баяр наадмын комисс” нэртэй Нийслэлээс санхүүждэг байгууллага өнгөрөгч зургаа, долдугаар сард нийт 1.5 гаруй тэрбум төгрөгийг баяр наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлд зарцуулсан байна.

  •  “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ руу хоёр удаагийн гүйлгээгээр 1 тэрбум 394 сая төгрөг.
  •  Хурдан морины салбар хороонд, хоёр удаагийн гүйлгээгээр нийт 15 сая 562 мянган төгрөг
  •  Шагайн салбар хороонд хоёр удаагийн гүйлгээгээр 25 сая 86 мянган төгрөг
  •  Сурын салбар хороонд хоёр удаагийн гүйлгээгээр 14 сая 5 мянган төгрөг.
  • Тээвэр шатахуун болон бусад зарлалд гэж хоёр удаагийн гүйлгээгээр 10 сая 902 мянга 902 төгрөг
  • Төрийн ёслолын бэлтгэл ажилд гэж мөн хоёр удаагийн гүйлгээгээр 40 сая 390 мянган төгрөг.

-МОРИНЫ УРАЛДААН, БӨХИЙН БАРИЛДААН, СУРЫН ХАРВААНД МӨНГӨ ГАРГЖ БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАЧИХСАН БАЙСАН-

Бөх, морь, шагай, сурын хувьд наадам зохион байгуулагдана гэдэгт нэгэнтээ  бэлтгэл хангасан байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Ганц жишээ дурдахад, морины уралдаанд зориулж "Хүй 7"  хутагт шорлон байрлуулахаас эхлээд морины уралдааны гараа, барианы хашаагаа янзалж халдвар хамгааллын дэглэмийг сахих үүднээс морьдыг нэг замаар оруулах хашааг хатгасан байж. Тэр бүрт мөнгө зарлагадсан байж. 

Тэгвэл дээрх мөнгөний ихэнхийг буюу 1.4 орчим тэрбум төгрөгийг авсан "Шинэ үеийн нэгдмэл залуус" ТББ ямар учиртай вэ, мөнгөө эргүүлж төлсөн үү гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Бас анхаарал татав. 

Тус байгууллага нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Д.Дэнсмаа, З.Нямзул гэх иргэдийн нэр дээр байгаа бөгөөд 2019 оноос ҮБНЗБХ-оос хөрөнгөжиж хамгийн их орлоготой Төрийн Бус Байгууллагаар шалгарсан байх юм. Анх энэхүү байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь “Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийг мэдээллээр хангах, сурталчлах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэжээ. Гэтэл тус байгууллага нь  өөр ямар нэг тендерт оролцож байгаагүй бөгөөд одоо баяр наадам, шоу цэнгүүн зохион байгуулах чиглэлээр ажилладаг гэсэн байна.

Тэгэхээр тус байгууллага нь Үндэсний их баяр наадамд зориулсан шоу, цэнгээн зохион байгуулахаар бэлтгэж байсан байх магадлалтай байгаа юм. Гэхдээ наадамд зориулсан видео контентоос өөр шоу, цэнгээний агуулгатай үйл ажиллагаа болоогүй билээ. Тиймээс тэд дээрх мөнгийг буцааж улсын төсөвт төвлөрүүлсэн үү. Эсвэл наадмын видео контентийг уг ТББ зохион байгуулсан уу. Энэ мэт тодорхойгүй асуултад бид хариулт авах болно. 

Учир нь улсын төсвөөс 1.4 тэрбумаар нь авдаг, өмнө нь тендерт оролцож байгаагүй ТББ цөөн.