СУРВАЛЖИЛГА: Барилгатай болохоо хүлээсээр байдгаа алдсан “Түлэнхийн төв”-ийн газрын наймаа руу АТГ яагаад анхаарлаа хандуулахгүй байна вэ

СУРВАЛЖИЛГА: Барилгатай болохоо хүлээсээр байдгаа алдсан “Түлэнхийн төв”-ийн газрын наймаа руу АТГ яагаад анхаарлаа хандуулахгүй байна вэ

Жилд 0-15 насны 3000 гаруй хүүхэд зөвхөн түлэгдсэний улмаас Түлэнхийн төвд хүргэгддэг. Үүнээс гадна амьтанд хазуулж, хатгуулсан, арьсны эдийн дутмагшил, арьсны том хэмжээний идээт хүндрэл зэрэг элдэв гэмтэлд зорих ганцхан эмнэлэг байдаг нь Түлэнхийн төв. Гэтэл тус эмнэлэг нь одоог хүртэл өөрийн гэсэн байргүй газрыг нь “наймаачид” зараад идчихсэн түүнд нь Авлигатай тэмцэх газар нь анхаарал хандуулахгүй нөхцөл байдалтай байна.

Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн тасаг нь сүүлийн 8 жилд өөрийн байргүй түрээсээр энд, тэнд үйл ажиллагаагаа явуулж буй.

1957 онд баригдсан тус төвийн барилгыг МХЕГ-аас эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтээр 2011 онд акталж, барилгыг нь нураасан бөгөөд газар дээр нь А Б С  гэсэн гурван блок барихаар төлөвлөсөн. Уг барилга нь Сүхбаатар дүүргийн XI хороололд Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2013 онд баригдаж эхлээд 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл сууриа тавиад 10 жил өнгөрсөн ч  одоог хүртэл хэзээ ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна.

Төлөвлөлт ёсоор тус төвийн шинэ барилга нь долоон давхар үндсэн нэг барилга хоёр өргөтгөлөөс бүрдэх юм. Тус барилгын А  блокыг “Цаст констракшн” компани, Б блокыг “Нутгийн зам” групп барьж байна. Түлэнхийн төвийн барилгын А блокыг хариуцан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Цаст” констрашн компанийнхан “Манай  компани 2014 оноос барилгаа барьж эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй дутсан. Мөн моорог барих хэсэг буюу С блок өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан үүссэн зэрэг асуудлаас шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 оны зургадугаар сарын сүүлээр санхүүжилт орж ирснээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн одоогийн байдлаар манай талын хариуцаж буй барилга 95 хувьтай явж байна” гэж хэвлэлд мэдээлжээ.  

Тодруулбал, А, Б блок баригдаж буй бөгөөд моорог барих С блокын газар дээр  12 давхар орон сууж баригдаж буй нь маргаан дагуулаад байна. Ингэснээр тус эмнэлэг моорог барих барилгын газраа бусдад алдсан гэсэн үг.   Тухайн орон сууцны захиалагч нь “Хамтын шийдэл” ТББ бөгөөд барилгын гүйцэтгэгчээр “Ивэг түшиг” компани ажиллаж 2021 онд ашиглалтад оруулахаар зэхэж байгаа аж.

-О.ЭНХМАА: ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ГАЗРЫН 60 ХУВЬ НЬ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖСЭН-

Түлэнхийн төвийн барилгатай холбоотой асуудлаар “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ийн тэргүүн, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа тууштай тэмцэж, жагсаал, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж ирсэн. Тэрбээр тус барилгын С блокын газрыг эрх мэдэлтүүд хэрхэн дээрэмдсэн талаар ярихдаа “2012 онд “Алтайн тулга” гэж хувийн компани 4024 метр квадрат газрыг хууль бусаар шилжүүлсэн байдаг. Үүнээс өмнө 2004 онд А\445 дугаартай тогтоолоор Түлэнхийн төвд зөвлөх эмчээр ажиллаж байсан хэсэг бүлэг эмч мэргэжилтнүүд 1200 метр квадрат газрыг өмчилж авцгаасан. Сүүлд 2017 онд “Хамтын шийдэл” төрийн бус байгууллага нь уг газарт хувийн орон сууц барих зөвшөөрлийг авсан. Түлэнхийн төв нь анх 16400 метр квадрат талбайтай байсан бол өнөөдөр 7390 метр квадрат болтлоо танагдаж 60 хувь нь хувийн өмчийн мэдэлд шилжсэн” гэсэн юм.

Дээрх мэдээллийн дагуу “Хамтын шийдэл” ТББ-аас тодруулга авах гэхэд бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан юм.

Тус эмнэлэг өөрийн байргүй 10 жил болохдоо  хоёр жилд нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт нэг сарын 30 сая төгрөг төлж талбай түрээслэсэн. Үүнээс хойш ГССҮТ-ийн ганц тасагт найман жил толгой хорогдож зарим сард хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэхэд ор хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүдээ хонгилд хүлээн авдаг байжээ. Олон жилийн турш маргаантай асуудал дагуулсан Түлэхийн төвийн “арай хийн” ашиглалтад орохоор болоход гаднаа ногоон байгууламжгүй, автомашины зогсоолгүй, тэр бүү хэл цогцос хадгалах байр ч үгүй байх бөгөөд энэ нь газрын далд наймаатай холбоотой юм.

Түлэнхийн төвийн барилга барих газрын асуудал дэгдэж эхлэх үед эмнэлэг 11,365 м2 эзэмшил газартай байсан бөгөөд 2010 оны 08 сарын 31-ний НЗД-ын 608 тоот захирамжаар 4,026 м2 газар эзэмших эрхийг салгаж Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн. 2011 оны 4-р сарын 7-ны өдрийн НЗД-ын 293 тоот захирамжаар уг 4,026 м2 газраа бүхэлд нь орон сууцны зориулалтаар “Алтайн тулга” ХХК-д шилжүүлсэн бөгөөд улмаар “Алтайн тулга” ХХК нь 2011 оны 5-р сарын 13-ны өдрийн НЗД-ын 396 тоот захирамжаар “Антек” ХХК-д 2,291 м2 газрыг хэсэгчлэн шилжүүлж, үлдсэн газраа 2014 оны 2-р сарын 24-ны өдрийн НЗД-ын А/113 тоот захирамжаар ТӨХ-нд буцаан өгчээ.

Улмаар ТӨХ дээрх газар дээр ажилчдын орон сууц барихаар болж, 2015 оны 11-р сарын 30-ны өдөр “Орон сууцны үнийн судалгаа хийх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сурталчлах” чиглэлээр нийгэмд үйлчлэх “Хамтын шийдэл” ТББ-ыг нэр бүхий 52 ажилтныхаа гишүүнчлэлтэйгээр байгуулж, өөрийн эзэмшиж байсан 2,376 м2 газрын эзэмших эрхийг 2016 оны 3-р сарын 25-ны өдрийн НЗД-ын А/247 тоот захирамжаар дээрх ТББ-д шилжүүлэн өгсөн байна.

“Хамтын шийдэл” ТББ нь уг газар дээр ажилчдын орон сууц барихаар хоёр жил ажилласан боловч тодорхой шалтгаануудын улмаас бүтэлгүйтсэн тул 2018 оны 5-р сард иргэн Г.Энхбаяр, Н.Баярмаа нарт ТББ-аа газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгсөн (худалдсан) байна. Ингэснээр дээрх ТББ-ын анх үүсгэн байгуулагдсан зорилго, үйл ажиллагаа, нийгэмд үйлчлэх шинж чанар бүрэн алдсан ба улмаар гишүүнчлэл нь ч байхгүй болж, зөвхөн иргэн Г.Энхбаяр, Н.Баярмаа нарын 2 хүний мэдэлд шилжиж эдгээр хүмүүс нь орон сууц барих зэргээр хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулах болжээ.

Энэ мэт хэсэг бүлэг эрхтэн дархтан болон газрын наймаачдаас болж нэн шаардлагатай байгаа “Түлэнхий төв”-ийн барилга хугацаандаа ашиглалтад орж чадахгүй олон  жилийн нүүрийг үзэж өвчин зовлондоо шаналсан олон мянган иргэд   мөнгөний золиос болж байна. Иймд Авилгатай тэмцэх ерөнхий газар дээрх байдлыг сайтар судлан үзэж, улсын онгой обьект болох “Түлэнхийн төв”-ийн газрыг хууль бусаар наймаалцсан хэргийг илрүүлж уг төвийн газар дээр бизнесийн үйл ажиллагаа  явуулж байгаа компаниудын хууль бусаар олж авсан эзэмших эрхийг хүчингүй болгож, анхны эзэмшигч ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн мэдэлд дээрх газрыг шилжүүлэн өгнө үү.