НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид "Энэрэл" эмнэлгийн гадна нас барсан иргэний хэргээр сануулах арга хэмжээ тооцжээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид "Энэрэл" эмнэлгийн гадна нас барсан иргэний хэргээр сануулах арга хэмжээ тооцжээ

Өнгөрсөн долдугаар сарын 03-ны өдөр /2021.07.03/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна коронавирусийн халдвартай иргэн Р 35 настай эрэгтэй эмнэлгээс тусламж хүссэн ч “манай харьяа биш” гэсэн шалтгаанаар хүлээж аваагүйн улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тухайн үед талийгаач Р-ийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, “Талийгаач нь архи уусан, зоорин давхарт ажиллаж, амьдардаг. Амьдралын нөхцөл байдал муу. Эмнэлгээс арван метрийн зайд амьдардаг байсан иймд ойрхон эмнэлэгт хандаж болох байсан” гэх мэт мэдээлэл цацаж, иргэнийг нас барсан үйлдлийг өөрийнх нь буруу болгох гэсэн ухагдахуун бүхий мэдээлэл цацаж иргэний нэр төрд халдсан мэдэгдэл хийж байсан юм.

Тэгвэл тус мэдэгдэл нь хүний нэр төрийг гутаан доромжилсон үйлдэл болсон тул хариуцлага тооцуулахаар Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагын мөрөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцыг хүндэтгэж ажиллахыг сануулах арга хэмжээ авсан талаараа Нийслэлийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Оюунчимэгийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 03/3391 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ.

“Хувийн нууцаа хамгаалуулах хүний эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан байна. Түүнчлэн хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм” гэжээ.