Талибанчууд дураар дургилтаа зогсоож,  улсынхаа эдийн засагт анхаарч шинэ ЗГ-аа байгуулна

Талибанчууд дураар дургилтаа зогсоож, улсынхаа эдийн засагт анхаарч шинэ ЗГ-аа байгуулна

Өнгөрсөн наймдугаар сард Талибанчууд Афганистан улсын Засгийн газрыг эзэлж, өөрсдийн ноёрхлоо тогтоож байгаагаа дэлхий дахинд албан ёсоор зарласан. Тэгвэл түүнээс хойш гурван долоо хоногийн турш тус улсад эмх замбараагүй байдал үүсэж, олон иргэд амь насаа алдаж байгаатай холбогдуулан Талибанчууд өөрсдийн Засгийн газраа байгуулахаар Ерөнхийлөгчийн ордонд бэлтгэж байгаа аж.

Тодруулбал, Талибанчууд хэт дураараа дургиж, байгаа нь эмх замбараагүй байдлыг улам гүнзгийрүүлж, тун удахгүй эдийн засаг сүйрэх болно гэж тусламжийн мэргэжилтнүүд сануулж сэрэмжлүүлсэн тул Засгийн газраа байгуулахаар төлөвлөжээ.

-ТАЛИБАНЧУУДЫН ҮЙЛДЛЭЭС ХАМААРЧ БУСАД УЛС ДЭМЖИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ-

Тус Засгийн газарт хамгийн дээд албан тушаалтнаар Талибанчуудын зэвсэгт хөдөлгөөний дэд удирдагч Хайбатулла Ахундзада томилогдох бөгөөд тэрбээр шинэ удирдлагын зөвлөлийг удирдах бүрэн эрх мэдэлтэй ба түүний дор ерөнхийлөгчийн албан тушаалтан байна гэжээ.

Гэсэн хэдий ч тус зэвсэгт бүлгийн Засгийн газрыг АНУ, ЕХ, болон бусад улс орнууд хүлээн зөвшөөрч, эдийн засагт нь тусламж үзүүлэх нь Талибанчуудын эрх баригчдын үйлдлээс ихээхэн хамаарах бөгөөд мөн эргэлзэж байгаагаа мэдэгдсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд хэлэхдээ, "Бид тэдний үгээр биш үйлдлээр нь хүлээж авах болно” гэсэн бол ЕХ-ны зүгээс “Шинэ захирагч удирдагч нар нь бүх ард иргэддээ хүртээмжтэй Засгийн газар байгуулж, хүний эрхийг хүндэтгэн, тусламжийн ажилчид тус оронд саадгүй нэвтрэх хүртэл тэднийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Мөн одоогоор тус улсад ган гачиг болж, хүнсний аюулгүй байдал алдагдаж, өлсгөлөн өсөн нэмэгдэж байгаа талаар Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Афганистан дахь суурин захирал Мэри-Эллен МакГроарти Ройтерс хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр, “Өнөөгийн нөхцөлд хүнсний аюулгүй байдал гэх зүйл энд алга. Наймдугаар сарын 15-нд Афганистаныг эзэлснээс хойш эдийн засаг огцом унаж, гамшиг нүүрлэж байна. Валютын ханш доод цэгтээ хүрч, банкны гадаа иргэд хэдэн цагаар оочирлож долоо хоногтоо 200 доллар хүртэл мөнгө авах боломжтой болж Кабулын захууд хүнс барааны үнэ огцом нэмэгдсэн. НҮБ-аас тараасан хүнсний нөөц энэ есдүгээр сарын сүүлчээр улсын ихэнх хэсэг дуусна” гэсэн байна.

-БНХАУ АФГАНИСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ГОЛ ХҮЧ-

Тэгвэл мөн энэ талаар Талибаны шинэ дэглэмийн албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Забиулла Мужахид нэгэн ярилцлагадаа, “БНХАУ бол бидний гол түнш бөгөөд Хятадын Засгийн газар нэн чухал боломж, бид хөрөнгө оруулалт хийж, улс орноо сэргээн босгоход бэлэн байна. Бид баялаг зэсийн уурхай эзэмшдэг бөгөөд үүнийг Хятадын ачаар орчин үеийн болгох болно. Харин ОХУ Москватай харилцах харилцаа нь ихэвчлэн улс төр, эдийн засгийн харилцаатай байсан. Орос улс олон улсын энх тайвны нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бидний төлөө зуучилж, бидэнтэй хамтран ажиллаж байна” гэсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт АНУ тус улсаас цэргийн бүх хүчээ татан авсны дараа Талибанчууд орхигдсон гадаадын иргэд болон Афган иргэдийг аюулгүй гаргах бүрэн боломжтой гэж амласан ч одоог хүртэл Кабулын нисэх онгоцны буудал хаалттай хэвээр байгаа нь амлалтдаа хүрэхгүй байгаа эхний жишээ гэж улс орнууд үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNN, TheGuardian, UNILAD