У.Хүрэлсүх татгалзах эрхгүй болон өөрт байхгүй эрхээсээ татгалзаж буй нь БҮХ ЭРХ мэдлийг өөртөө төвлөрүүлэхийн урьтал уу

У.Хүрэлсүх татгалзах эрхгүй болон өөрт байхгүй эрхээсээ татгалзаж буй нь БҮХ ЭРХ мэдлийг өөртөө төвлөрүүлэхийн урьтал уу

Өчигдөр /2021.09.06/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг бүх шатны шүүхийн шүүгч болон Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрхээсээ татгалзаж буйг мэдэгдсэн.

Тодруулбал, ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг болон АТГ-ын даргыг томилох бүрэн эрхээсээ татгалзаж байна гэсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү шийдвэр Шүүхийн хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгч түдгэлзүүлсэн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээс татгалзаж, шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх хувь хүн биш хууль засагладаг зарчмыг нутагшуулах, манлайллаа дахин нотолсон үйл явдал уу эс бөгөөс улс төрийн ээлжит жүжиг үү гэдэг нь анхаарал татаж байна. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх мэдлээс татгалзсанаар өөр хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Тэгвэл дээрх эргэлзээтэй асуудалтад хариулт өгч тус мэдээллийг бэлтгэлээ.

-БҮХ ШАТНЫ ШҮҮГЧДИЙГ ТОМИЛЖ, ЧӨЛӨӨЛӨХ ЭРХ НЬ ҮНДСЭН ХУУЛИАР У.ХҮРЭЛСҮХЭД ОЛГОГДСОН ХЭВЭЭР. ТЭГЭХЭЭР ТАТГАЛЗАХ БОЛОМЖГҮЙ-

НЭГДҮГЭЭРТ, Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцох механизмаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалгалзах боломжгүй. Учир нь Үндсэн хуульд “Бүх шатны шүүхийн шүүгчдийг Монгол улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө” гэж заасан. Уг заалтыг өөрчлөөгүй бөгөөд энэхүү эрхээс татгалзах боломж Ерөнхийлөгчид үгүй.

Тодруулбал, Үндсэн хуульд Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн

  1. Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  2. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасан байна.

Өнгөрсөн хавар Шүүхийн хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан. Гэтэл зарим заалт  буюу ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг УИХ-д нээлттэй сонсгол хийж томилдог агуулгыг Х.Баттулга “Үндсэн хууль зөрчлөө” гэж үзээд ҮХЦ-д санал  гаргасан байдаг. Цэцийн дунд суудлын хуралдаанаар үүнийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзэж дүгнэлт гаргасан. Харин тус дүгнэлтийг УИХ хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул тус 41 дүгээр тогтоол батлагдсан байдаг. Одоо энэ тогтоолыг Цэцийн дээд суудлаар хэлэлцэж байж процесс өрнөхөөр хүлээгдэж буй. Гэтэл гацсан.

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал өчигдөр тайлбарлахдаа “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд уг эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс татгалзаж байгаа юм” гэсэн билээ. Тэгвэл үүнд  мэргэжлийн хуульдчид тайлбар өгч байна. Тодруулбал, У.Хүрэлсүх дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ямар ч гомдол гаргаагүй учир хуульч нь худлаа дөвчигнөв гэж хуульчид шүүмжилжээ. Харин Х.Баттулгын гаргасан хүсэлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд шийдвэр гаргачихсан тул хүсэлтээс татгалзах хууль зүйн үндэслэл үгүй аж.

-AТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БУС ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ ЭРХТЭЙ БОЛСОН. ӨӨРТ БАЙХГҮЙ ЭРХЭЭС ТАТГАЛЗАХ БОЛОМЖГҮЙ-

ХОЁРДУГААРТ, Өмнө нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан. Харин Авлигын эсрэг хууль батлагдсанаар, Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгодог болсон. Өөрөөр хэлбэл АТГ-аас Ерөнхийлөгчийн эрх мэдэл аль хэдийн үгүй болсон. Тэгэхээр өөрт огт байхгүй эрхээсээ татгалзах боломж үгүй юм.

ДҮГНЭЛТ: У.Хүрэлсүх дээрх эрхээсээ татгалзаж байна гэж хэлүүлсэн ч Үндсэн хуульд бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлөх эрх нь хэвээрээ байна. Нөгөөтэйгүүр, ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг УИХ-д нээлттэй сонсгол хийж томилно гэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаанаас буруу гэж үзвэл эргээд энэ эрх мэдэл Ерөнхийлөгчид мөн ирнэ. Тэгэхээр У.Хүрэлсүх дээгүүрээ тохирч энэ эрх мэдлийг авахаар бэлтгэж байна хэмээн хардаж болохоор байна. Тэр үед У.Хүрэлсүх “Үндсэн хуулийн цэц л Их суудлын хуралдаанаараа Ерөнхийлөгч шийдэх ёстой гэсэн. Энэ УИХ чинь л АТГ-ын даргыг Ерөнхийлөгч шийд гэсэн шүү. Би бол татгалзсан шүү” гэж хэлэхээр бэлтгэж байна хэмээн зарим хуульчид харжээ.