О.Насанбурмаа: Барилдахдаа биш бэртэхээсээ айж зүрх маань шимширдэг болсон байна

О.Насанбурмаа: Барилдахдаа биш бэртэхээсээ айж зүрх маань шимширдэг болсон байна

Төв аймгийн Батсүмбэр суманд өнгөрөгч Ням гараг /2021.09.05/-т болсон "Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-ий баг тамирчдыг сонгох хяналтын барилдааны 72 кг-ын жинд аваргын төлөөх барилдаанд МУГТ О.Насанбурмаа ОУХМ Э.Даваанасанд бэртлийн улмаас ялагдсныхаа дараа тамирчны замналаа албан ёсоор өндөрлүүлэн зодог тайлж буйгаа мэдэгдсэн.

Түүний гэнэтийн энэ шийдвэр “сэтгэл хөдлөл” нөлөөлсөн үү гэж зарим спорт сонирхогчид хардаж байгаа юм. Тэгвэл О.Насанбурмаа өөрийн facebook хуудастаа дараах мэдэгдлийг оруулжээ.

ТЭРЭЭР:

Чөлөөт бөхийн спортоор тасралтгүй 18 жил МУГД Т.Сүхбаатар, с.м Т.Дамбарагчаа багшийнхаа удирдлага дор ирж 13 наснаасаа Төмөр замын Замчин спорт клубээс бөхийн гараагаа эхлэж,мэргэжлийн Чөлөөт бөхийн сургалттай 73р сургуулийг Лхайжав багшийн ангийг дүүргэж,үргэлжлүүлэн 7-н бурхан,9н Туг,Женко клубын өмнөөс барилдаж 2005 оноос Чөлөөт бөхийн Үндэсний Шигшээ багт харьяалагдан 2008онд ЦЕГ "Хүч"спорт хороо, ТЗДахь Цагдаагийн газар ажиллаж, 2011оноос Алтайгрупп-"Алтай констракшн ХХК" тамирчин болж бөхийн эрдэмд шамдан суралцсаар байгаад энэ өдөр зодог тайлах шийдвэр гаргалаа.

Бөхөөс би маш их зүйлийг сурлаа. Хүнтэй мэндлэхээс эхлээд хүндэтгэх,хүнлэг байх,уужуу байх,даруу байх, хов ярьдаггүй байх,сонсож бас ярьж сурах,өөрийгөө бүрэн илэрхийлэх,үнэн зөв,шударга байх, Гол нь Хүн байх ухааныг сурлаа. Олон сайхан дурсамж, олон бахдам сэтгэгдэл,Ялалтын сайхан,ялагдлын гашуун үнэнг мэдрүүлсээн. Энэ спортод Сайн муу,сайхан муухай,шударга шударга бус,ернь өчнөөн зүйлтэй нүүр тулгарлаа.Тэсэх ёстой дээрээ тэсээд тэвчих зүйл дээрээ тэвчээд олон удаа чимээгүй өнгөрсөөн,гэхдээ зүгээрдээ одоо бол надад харамсаад байх зүйл байхгүй ээ.Чадахаасаа чадахгүй хүртлээ хичээсэн болохоор би өөрөө өөрийнхөө ялагч нь гэж бодож байна.

Энэ олон жил барилдахад надад бэртээгүй үе мөч үнэхээр ховор үлдсэн байна. Сүүлдээ барилдахдаа биш бэртэхээсээ айж зүрх маань шимширдэг болсон байнаа. Олон жил дэмжиж бас хүлээлттэй байсан бөх сонирхогчдоосоо Уучлалт гуйж байнаа

Спорт бол  ийм хатуу бөгөөд ширүүн ертөнц юм. Ар гэр,залуу нас,хөлс,хүч хөдөлмөр,тэсвэр тэвчээр бүгдийг нь зориулж байж жижигхээн амжилтын үзүүрээс атгадаг. Өөрийнхөө санасан хүссэн бүх амжилтандаа хүрч чадаагүй ч гэсэн Монгол улсын түүхэнд ДАШТны Анхны 4н медальтан,Азий тивийн 3насны ангилалд 4 удаагын аварга болж,Олон тэмцээнд анхны гэсэн олон тодотгол хүртсэндээ дотроо битүүхэн баяртай байнаа. За тэгээд хар нялхаас маань өдийг хүртэл дэмжиж,урам өгч ирсэн Хайртай аав ээж,гэр бүл,ах,дүү хамаатан,найз нөхөд,нутгийн зон олон,

  • Эрхэм Багш МУГД Т.Сүхбаатар,Т.Дамбарагчаа
  •  "Алтай групп"ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ ах "Алтай констракшн ХХК"захирал Х.Батбаасан ахдаа,
  • Чөлөөт бөхийн халуун ам бүл,
  • ЦЕГ харьяа Тээврийн Цагдаагийн албаны ТЗЦГазарын хамт олон,
  • МЧБХолбоо,удирдлагууд,МҮОХ,

БТСУХороо ҮШБагийн хамт олон,эмч,сэтгэлзүйч, үе үеийн тамирчид,дасгалжуулагч,хамт олон,спортын дэмжигч нартаа БАЯРЛАЛАА гэж хэльеээ. Дүү нартаа хандаж хэлэхэд:Цаг хугацаа чамайг хүлээхгүй учир сайн хөдөлмөрлөх хэрэгтэй байна! Өөртөө итгэ. (Цаг сайхан болохоор албан ёсны үйл ажиллагаагаа зохион байгуулна.)

Хүндэтгэсэн: МУГТ О.Насанбурмаа 2021.09.06