“Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
"Чингис хаан" үндэсний музейн мэдээлснээр, Их Монгол Улс байгуулахаас өмнөх үеийн Монголын тал нутаг дахь нүүдэлчин ард түмнүүдийн шашин, шүтлэгийн түүхэн хөгжил, зан үйл, уламжлал, оюун соёлын онцлогийг судалгааны шинэ үр дүнд тулгуурлан хэлэлцэх зорилготой энэхүү хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, БНТУ, БНУзУ, БНКУ зэрэг арав орчим улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож, судалгааны үр дүнгээ танилцуулж буй.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлыг түр орлон гүйцэтгэгч, академич С.Чулуун "Сүүлийн жилүүдэд Монгол болон Евразийн эртний нүүдэлчдийн шашин, шүтлэгийн судалгаанд археологийн шинэ олдвор, сурвалж бичгийн шинэ тайлбар, шашин судлал, угсаатны зүй, антропологи зэрэг олон салбарын шинэ арга зүй, хандлага нэвтэрч, өмнө тогтсон зарим ойлголтыг дахин авч үзэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Түүх, археологи, угсаатны зүй, бусад салбарын судалгаа өргөжихийн хэрээр нүүдэлчдийн шашин, шүтлэгийн талаарх бидний мэдлэг ч шинэчлэгдэж байна. Хурлаар эртний нүүдэлчдийн нар, сарны шүтлэг, Хүннүгийн Тэнгэр үзлийн хөгжил, тэнгэр шүтлэг, буддын шашны түрүү дэлгэрэлтийн асуудлаас эхлээд Жужаны хаант улсын шашин, шүтлэг, Түрэгийн хаант улсын шашин шүтлэг, эртний Уйгурын шашин, несторын шашин зэргээр Монгол нутаг дахь эртний улсуудын шашин, шүтлэгийн асуудлыг авч хэлэлцэж байна” гэв.
Эртний Евразийн нүүдэлчин ард түмнүүдийн шашин, шүтлэг, ертөнцийг үзэх үзэл нь тэдний нийгмийн байгуулал, соёл, аж ахуй, оюун санааны амьдралын салшгүй хэсэг байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд түүх, археологи, угсаатны зүй, сурвалж судлалын салбарт хийсэн шинэ судалгаа, археологийн нээлтүүд нь эртний нүүдэлчдийн шашин, шүтлэгийн талаарх мэдлэг, ойлголтыг баяжуулж, уг асуудлыг шинэ баримт, судалгааны арга зүйд тулгуурлан олон талаас нь дахин авч үзэх боломжийг бүрдүүлсээр байна.