Өнгөрсөн шөнө/2021.09.06/ Израилийн Гилбоагийн шоронгоос Палестины зургаан хоригдол оргожээ. Урьдчилсан байдлаар тэднийг ариун цэврийн өрөөний шалнаас хонгил ухаж оргосон гэж үзэж байна. Хоригдлуудын дунд Аль-Аксагийн удирдагч асан Закария Зубейди мөн Исламын Жихад бүлгийн таван гишүүн байсан аж.
Исламын Жихадын дөрвөн гишүүн израильчуудыг хөнөөсөн халдлага төлөвлөж, зохион байгуулсан хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан бол тав дахь нь захиргааны баривчлах тогтоолоор хоригдож байсан гэж Израилийн хэвлэлүүд мэдээлэв. Харин Зубейдиг олон тооны буудлагын халдлага үйлдсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэн 2019 онд баривчилсан бөгөөд одоо шүүх хурал үргэлжилж байгаа юм.
Хоригдлуудыг хамгийн сүүлд тариан талбайн дундуур гүйж явсныг фермерүүд харж, шоронгийн удирдлагуудад мэдэгдсэн талаар орон нутгийн цагдаагийн албаныхан мэдээлжээ.
“Шин Бет” хамгаалалтын албанаас “хоригдлууд гар утас ашиглан шоронгийн гадаа байсан хүмүүстэй холбоо тогтоосон бөгөөд оргох үеэр нь үл мэдэгдэх машинтай этгээдүүд ирж авсан” талаар мэдэгдсэн байна.
Уг явдлын дараа Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт Олон нийтийн аюулгүй байдлын сайд Омер Бар-Левтэй уулзаж, хоригдлуудыг олохын тулд бүхий л хүчээ дайчлахыг хүссэн байна.
וכך זה נראה מתוך תא 2 אגף חמש בכלא גלבוע.
— Josh Breiner (@JoshBreiner) September 6, 2021
פיר מנהרה בשירותים שהוביל אל מחוץ לחומות הכלא pic.twitter.com/IsKfG8B56R
Эх сурвалж: BBC