Өнгөрсөн шөнө/2021.09.08/Мексикийн Хидалго мужид усархаг аадар бороо орж, Тула хотын төв эмнэлгийн цахилгаан хангамж тасарчээ. Улмаар 17 өвчтөн хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан байна. Амиа алдсан иргэдийн зарим нь коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан аж.
Цахилгаан тасарсны дараа аврагчид 40 орчим өвчтөнийг амжилттай нүүлгэн шилжүүлжээ. Болсон явдалтай холбогдуулан Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор эмгэнэл илэрхийлж, нам дор хэсэгт амьдарч буй иргэдийн хоргодох байранд нүүж ирэхийг уриалсан байна.
Ойрын өдрүүдэд Мексикийн бүс нутгаар хүчтэй аадар бороо элбэг орж буй. Хидалго мужид гэхэд суурин газрын 30 гаруй мянган иргэн үерт нэрвэгдсэн байдалтай байна. Мөн Экатепек хотод үерийн улмаас хоёр иргэн нас баржээ.
Эх сурвалж: BBC