БИДНИЙ ТУХАЙ: Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Монголын компанид 14 сая фунт стерлингээ залилуулсан талаараа ярьжээ

БИДНИЙ ТУХАЙ: Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Монголын компанид 14 сая фунт стерлингээ залилуулсан талаараа ярьжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Монголын уул уурхайн компанид 14.0 сая фунт стерлинг залилуулсан тухай нийтлэл Английн “Таймс” сонин дээр гарчээ. Уг нийтлэлд дурдсанаар;

“Борис Жонсоны дүү Максимилиан Жонсон GRF хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан Монголын алтны уурхайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч бүтэлгүйтжээ.

Одоо тэр мөнгөө эргүүлэн авахаар тэмцэж байна. Тодруулбал, Монголын “Засаг Чандмань майнз” хэмээх алт, зэс, төмрийн хүдрийн уурхайд тэр 14 сая орчим фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийжээ.

Их Британиас асар хол орших далайд гарцгүй энэ орны төсөл Их Британийн худалдааны хэлэлцээрт нэр дэвшсэн цөөн төслийн нэг юм. Гэвч хөрөнгө оруулалт авсны дараа уурхайн үйл ажиллагааг нь хариуцаж байсан нэр бүхий этгээдүүд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр хуурамч компани байгуулж, захиалга, туслан гүйцэтгэх ажил хийх нэрийдлээр их хэмжээний мөнгийг шилжүүлэн авчээ. Сүүлд шалгалтаар хөрөнгө оруулалтын мөнгөөр уурхайн тоног төхөөрөмж аваагүйгээр барахгүй ямар ч ажил эхлүүлээгүй байсан нь тогтоогдсон аж.

Борис Жонсоны дүү Максимилиан Жонсон

Уг хэрэгт холбогдуулан уурхайн эзэмшигч Д.Буянтогтох гэгч, мөн удирдах хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах шийдвэр гаргасан байна. Гэвч 2020 онд болсон анхан шатны шүүх баривчлах шийдвэрийг хүчингүй болгосноор Д.Буянтогтох эх орноосоо гарчээ.

Одоо түүнийг инторполоор эрэн сурвалжилж буй ч хаана байгааг нь олж чадаагүй байна. Баривчлах шийдвэрийг хүчингүй болгосонд ноён Жонсон тун гомдолтой байгаа аж.

Энэ талаар Макс Жонсон “Хэргийг шийдвэрлэх үйл явц маш удаашралтай байгаа. Ихэнх тохиолдолд яллах дүгнэлтийг  нэг сарын дотор гаргадаг. Гэвч энэ хэрэг таван сар прокурор дээр гацсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогчдод нөхөн төлбөр олгохгүй өнгөрөх вий гэдгээс болгоомжилж би олон нийтэд мэдэгдэхээс өөр аргагүй болсон” гэжээ.

Уг хэрэгт Макс Жонсон өөрийн ах Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг оролцуулахгүйг хичээж байгаа аж.

Гэхдээ Их Британийн Засгийн газар, удирдлагууд түүнд тусална гэвэл “татгалзахгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын шүүх шуурхай ажиллаж, үнэн мөнийг тогтоон ойрын хугацаанд алдагдсан бүхнээ эргүүлэн авна гэдэгт итгэлтэй байна. Монголын шүүх гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадна гэдгээ харуулах хэрэгтэй” гэж хэлэв.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж уншина уу. Эх сурвалж: TheTimes.co

Ноён Макс Жонсоныг залиласан гэх Засаг Чандмань майнз ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл

Засаг Чандмань майнз ХХК-ийг Засагчандмань ХХК эзэмшдэг бөгөөд тус компанийн эзнээр Д.Буянтогтох гэх иргэнийг бүртгэжээ.