Монгол бүсгүйг солонгос захиралдаа зодуулсан биш зодсон болгож өөрчлөхөөр шалгаж эхэлжээ

Монгол бүсгүйг солонгос захиралдаа зодуулсан биш зодсон болгож өөрчлөхөөр шалгаж эхэлжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 19-ны өдөр /2021.08.19/ БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт нэгэн үйлчилгээний газарт жижүүр хийдэг Монгол улсын иргэн Н хамт ажилладаг солонгос захиралдаа нэг цагийн турш зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Иргэнг Н нь БНСУ-д хоёр жилийн турш ажилласан ба Солонгос хэлээр сайн ярьж чадахгүй бөгөөд хэрэг гарах үед тус улсын цагдаа нар тоолгүй өнгөрөөсөн нь манай улсын иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа юм. Хамгийн ноцтой нь тус хэргийн зүйчлэл өөрчлөгдөж, анх харилцан зодоон гэж бүртгэсэн бол одоо Монгол эмэгтэй Н-ийг буруутай гэж үзэж эхлээд буй аж.

Энэ нь Солонгост монголчуудын нэр хүнд муу үүнтэй холбоотойгоор дээрэлхэж буй хандлага учир хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд Монгол улсын Засгийн газар, ард түмэн шаардлага тавихыг хүсч буй аж. Дашрамд дуулгахад, Н нь бичиг баримтын зөрчилгүйгээр ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Солонгос захирал нь тухайн үеийн бичлэгийг устгаад өөрөө ч мөн зодуулсан хэмээн зарга үүсгэн эмнэлэгт хэвтэж эмчийн бичгийг гаргуулахаар хөөцөлдөж байгаа гэх. Монгол эмэгтэй зодуулж, хүнд гэмтэл авсан байхад түүний буруу болгох магадлал өндөр байгаа учир хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд Солонгос дахь монголчууд хуулийн зөвлөгөө үйлчилгээ авахын зэрэгцээ, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн сувгуудад хандаад байгаа юм байна. Ямартай ч одоогоор эмэгтэйчүүдийн хүчирхийллийн чиглэлээр ажилладаг туршлагатай өмгөөлөгч нартай холбогдож буй бөгөөд хэргийг эхнээс нь дахин шалгуулахаар ажиллах аж. Мөн хохирогч Н бүсгүйг одоогоор эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа юм байна.  Солонгос талаас уг хэрэгт хайхарамжгүй хандаж байгаа талаар дээрх үйл ажиллагааг зохион байгуулж буй хүмүүс хэлж байгаа юм.

-Н БҮСГҮЙ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДЖЭЭ -

Энэ талаар хохирогч эмэгтэй, “Наймдугаар сарын 19-ны орой ажлаа дуусгаад найзынх руугаа явж байтал захирал  20:00 цагийн үед залгаад ажилдаа хурдан ирэхийг тушаасан” гэжээ. Ингээд ажил руугаа яваад очтол захирал нь үг хэлээр доромжилж харааж эхэлсэн ба ор луу шидэж хүчирхийлэхийг завдсан байна. Улмаар эсэргүүцэл үзүүлтэл зодсон аж. Үсдэж, дэвсэж, алгадаж, өшиглөж, цохисон гэдгийг хохирогч бүсгүй хэлсэн юм.  Бүсгүй цагийн турш ноцолдож тэмцсэний эцэст зугатаж гараад хамгийн эхэнд тааралдсан дэлгүүр лүү орж, цагдаад дуудлага өгөх зуур захирал нь дахин гарч ирж бүсгүйг чирч машиндаа суулгахыг оролдсон гэжээ.

Улмаар арай хийн цагдаад очиж хэргийн газарт дагуулж очин болсон үйл явдлын талаар тайлбарлаж өгчээ. Тийм байтал тус улсын цагдаагийн алба хаагч харилцан зодолдсон гэх хэргээр бүсгүйг цагдаагийн газарт аваачиж хэрэг үүсгэсэн байгаа юм.

Мөн эмч эмнэлгийн ажилчид ирсэн ч “Мөнгө байгаа юу?” гэж асуугаад “Байхгүй” гэхээр нь анхан шатны тусламж ч үзүүлэлгүй явсан гэх. Одоогийн байдлаар иргэн Н-ийн гурван хавирга хугарсан эсвэл цуурсан, эрүү мултаралттай, бие нь шарх сорвиор дүүрсэн байгаа аж. Сүүлд монголчуудад хандивын аян зохион байгуулж бүсгүйд тусалснаар эмнэлгийн үйлчилгээ авчээ.

-ӨМНӨ НЬ ТУС ЗАХИРАЛД ЗОДУУЛЖ БАЙСАН ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛООС ХОЛБОГДОЖ БУЙ АЖ -

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус буудлын захирал нь өмнө нь ч бас Монгол бүсгүйг хэл амаар доромжилж, хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй” гэсэн юм. Одоогоор хэргийг үйлдсэн гэх эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хохирогчийг гомдолгүй болгох тал дээр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь БНСУ-даа цагдаагийн төрийн албанд ажилладаг, одоо ч хуулиар сурч байгаа аж. Өмнө нь түүнд зодуулж байсан монгол эмэгтэй нар ч бий бөгөөд энэ өдрүүдэд Монголоос холбогдож байгаа юм байна. 

Энэ талаар /2021.09.03/ Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим хуудастаа, “Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд байгаа Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн. Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно” гэсэн юм.

Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах бно.