Ж.Энхтөр: Э.Цэндбаатарыг өмнө нь олон удаа уучилсан

Ж.Энхтөр: Э.Цэндбаатарыг өмнө нь олон удаа уучилсан

Монголын боксын холбооноос цаг, үеийн асуудлаар /2021.09.09/ мэдээлэл хийлээ. Тус холбоо өнгөрсөн ням гарагт /2021.09.05/ хурлаа хийж ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгосноос гадна удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа өчигдөр хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасахаар шийдвэрлэгжээ.

Боксын холбооны үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр "Боксын тамирчид өндөр ёс зүйтэй байдаг. Э.Цэндбаатар олон удаагийн ёс зүйн алдаа гаргасан. Тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь зөндөө уучилсан. Тиймээс боксын холбоо зөв зүйтэй шийдвэр гаргасан. Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгон бэлтгэл хийдэг олон залуу байдаг байсан. Гэтэл тэдэнд муу үлгэр дууриалал үзүүлээд байвал яах вэ. Ямар ч гавьяат, хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байх биз. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар шөнийн 02.00 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Өмнө нь бас бааранд зодоон хийсэн, багш дасгалжуулагчаа зодсон, гудамжаар шалдан нүцгэн явсныг та бүхэн мэдэж байгаа байх. Серби улсын Белград хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гээд сорилго тэмцээн болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёсзүйгүй үйлдэл. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Э.Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна" гэлээ. 

Э.Бадар-Ууган

Харин Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган "Боксын тамирчид олимпоос медальгүй ирсэн. Үүнд ард түмнээсээ уучлалт гуйя. Э.Цэндбаатартай зодолдсон хүмүүс нь шигшээ багийн тамирчид биш гэдгийг хэлье. Бид зөвхөн шигшээ багийн тамирчнаа л мэдэж байна. Зодуулсан асуудлыг хуулийн байгууллага тусдаа шалгаж шийдвэрлэнэ" гэсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: