Ковидын өвчтөнүүдийн эмнэлэгт гал гарч 10 гаруй хүн амиа алджээ

Ковидын өвчтөнүүдийн эмнэлэгт гал гарч 10 гаруй хүн амиа алджээ

Баруун хойд талаараа Косовотой хиллэдэг Хойд Македон улсын ковидын эмнэлэгт гал гарч 10 гаруй хүн амиа алджээ. Мөн 20 гаруй хүн шархадсан байна. Гал сөнөөгчид өчигдөр/2021.09.08/ 21.00 цагт түймрийг бүрэн унтрааж дууссан бөгөөд одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байгаа аж. Мөн осол гарсан эмнэлэгт хэчнээн өвчтөн байсан талаар мэдээллийг албан ёсоор өгөөгүй байна.  

Тетово хотын төв замын ойролцоо барилга шатаж, хар утааны өтгөн манан бүрхсэн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд Венко Филиппе эмгэнэл илэрхийлж, хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Гал гарсан эмнэлгийг өнгөрсөн онд коронавирусийн улмаас хүнд өвчтэй хүмүүсийг эмчлэх зорилгоор барьсан аж. Хоёр сая гаруй хүн амтай тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нийт 180 мянга гаруй тохиолдол батлагдаж, 6153 нас баралт бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC