Афганистан эмэгтэйчүүд Талибаны түр засгийн газрыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ

Афганистан эмэгтэйчүүд Талибаны түр засгийн газрыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ

Афганистаны зүүн хойд нутгийн Бадахшан муж болон нийслэл Кабулд Талибаны түр засгийн газрыг эсэргүүцсэн эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулжээ. Тодруулбал, жагсагчид нэг ч эмэгтэй хүний бүрэлдэхүүнгүй засгийн газрын хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Гэвч жагсаалын үеэр Талибанчууд эмэгтэйчүүдийг зодсон талаар гэрчүүд мэдээлжээ. Үүгээр ч зогсохгүй тус жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчдийг саатуулж, заримыг нь зодсон байна. Мөн Мягмар гараг/2021.09.07/-т баруун нутгийн Герат хотод болсон жагсаалын үеэр гурван хүн буудуулж амиа алджээ. ВВС агентлаг энэ талаар Талибан хөдөлгөөний төлөөлөгчдөөс тайлбар авах гэсэн боловч хариу өгөөгүй аж.

Үүний дараа Европын холбооны зүгээс “лалын шашинт бүлэглэл амлалтаасаа ухарч, хүчирхийлэл үйлдлээ” гэж мэдэгдсэн бол АНУ мөн уг асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Талибанчууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах нь хууль бус гэдгийг иргэдэд анхааруулжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабулд нэвтрэн, 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарласан билээ. Засгийн газрын цэргүүд тэдэнд эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Афганий ерөнхийлөгч Ашраф Гани ордноо орхин явж, уг шийдвэрээ “энгийн иргэдийн цусыг урсгахгүйн тулд” хэмээн тайлбарласан юм. Улмаар Талибан хөдөлгөөнийхөн өөрсдийн “Исламын Эмирт Афганистан Улс”-ыг дэлхий дахинд зарлах гэж буйгаа мэдэгдсэн. Үүнээс хойш тус улсад эмх замбараагүй байдал өрнөсөөр байгаа юм. 

Эх сурвалж: BBC