СУРВАЛЖИЛГА: Шатахуунд оочерлосон долоо хоног дуусаж, иргэд ШАХМАЛ ТҮЛШИНД оочерлож эхэллээ

СУРВАЛЖИЛГА: Шатахуунд оочерлосон долоо хоног дуусаж, иргэд ШАХМАЛ ТҮЛШИНД оочерлож эхэллээ

Нийслэлийн хэмжээнд Даваа гарагаас буюу есдүгээр сарын 27-оос эхлэн 40 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдаалж эхлээд буй. Гэвч цаг агаар хүйтэрсэн тул айл өрхүүдийн түлшний хэрэглээ нэмэгдэж, борлуулалтын цэгүүдэд ихээхэн оочер, дараалал үүссэн талаар иргэд хэлж байв. Тиймээс бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

 ВИДЕО: Шахмал түлшинд оочерлож буй иргэд. 2021.09.28

-САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛСЭН ХОЁР ДАХЬ ӨДӨР Ч ООЧЕР, ДАРААЛАЛ ИХТЭЙ, ИРГЭД БУХИМДАЛТАЙ БАЙВ-

Сайжруулсан шахмал түлшийг өглөө, орой гэсэн цагийн хуваарьтайгаар борлуулж байгаа аж. Тодруулбал, өглөө иргэдийн ажилдаа явж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх цагаар, мөн орой тарах цагаар борлуулж байлаа. Оройн 18.44 цаг болж байв. Бидний хамгийн түрүүнд очсон газар бол Баянзүрх дүүргийн Дунд дарь эхийн борлуулалтын цэг. Гадаа нь нэг ч хүний мөргүй байх бөгөөд борлуулалтын цэг дотор хоёр ажилтан сууж байв. Оочер, дараалал хэр байгаа талаар асуутал “Өнөө өглөө 10 тонн ирээд тэр дороо дуусчихсан. Одоо дахиж ирэхийг нь хүлээгээд сууж байна” гэв.  

Зам дагаж явсаар Дарь эхийн дараагийн борлуулалтын цэг дээр ирэв. Гэтэл 20 гаруй автомашин, мөн тэрэгтэй зургаан хүн оочерлож байлаа.

Борлуулалтын ажилтнаас мэдээлэл авахад “Өглөө 200 ширхэг шахмал түлш ирээд өдөр дуусчихсан. Одоо Улаанбаатар руу ачигдсан гэсэн. Яг хэчнээн хэмжээний ирэхийг сайн мэдэхгүй байна. Замын түгжрэлээс хэр хугацаанд ирэх нь шалтгаалах байх. Ойролцоогоор цагийн дараа ирчихнэ” гэв.

Гадаа 4 хэмийн хүйтэн. Автомашинтайгаа ирсэн иргэд шахмал түлш ирэх цаг гаруй хугацаанд даарахгүй ч, тэрэгтэйгээ оочерлож буй иргэд хэцүүхэн харагдаж байлаа. Ихэвчлэн настай хүмүүс байх бөгөөд нэгэн эмэгтэй “нялх хүүхдээ гэртээ унтуулчхаад ирлээ. Түлш ирэхгүй болоогүй гэнэ. Таньд оочер захиж болох уу” гэсээр яаран явсан юм.

Сэлбэ 19-р гудамжны иргэн Б.Дашдаваа “Ирээд цаг гаруй оочерлож байна. Хөгшин настай би тэргээ түрсээр хоёр ч цэг дээр очиход “шахмал түлш байхгүй. Ирэх эсэх нь тодорхойгүй байна” гэсэн тул аргаа барсаар гэрээсээ хаа хол энд ирээд зогсож байна. Цагийн дараа ирэх сурагтай. Хэдхэн хоногийн өмнө иргэд бензинд оочерлож байсан. Одоо шахмал түлшинд оочерлож байна. Шахмал түлшийг ядаж л дотооддоо үйлдвэрлэж байна. Яагаад хангалттай хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа юм бэ. Картын барааны үе биш шүү дээ” гэсэн юм.

 

-АРАВДУГААР САРЫН НЭГНЭЭС 100 ЦЭГЭЭР САЙЖРУУЛСАН
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛЖ ЭХЭЛНЭ-

19.30 цаг. Бид үргэлжлүүлэн Ганц худгийн хажууд байрлах борлуулалтын цэг дээр очив. Гадаа аль хэдийн харанхуй болсон ч мөн л иргэд сайжруулсан шахмал түлш авахаар оочерлож байлаа. 26-р хорооны оршин суугч н.Алтанцэцэг “Өглөө ирэхэд оочер ихтэй байсан учраас буцаад явсан. Орой түлш нь буугаад хүмүүс “шингэрчих” байх гэтэл яг хэвээрээ. Өөр нэг цэг дээр очиход бас л дууссан байсан. Нялх зээгээ шөнө дулаан унтуулахын тулд оочерлохоос өөр арга байхгүй. Хэзээ ирнэ тэр цагт нь түлшээ аваад явна даа” гэлээ.

Бид тус цэгийн борлуулалтын ажилтнаас иргэдэд дээд тал нь хэдэн ширхэг шахмал түлш өгч буйг асуутал “Нэг айл картаараа дээд тал нь зургаан шуудайг авах боломжтой. Гэхдээ оочер ихтэй байгаа үед дээд тал нь гурвыг өгч байгаа. Өвөл болоогүй байгаа учраас хоёр шуудай нүүрсийг долоон хоног хангалттай хэрэглэнэ шүү дээ” гэсэн юм.

Борлуулалтын цэгийн ажилчид иргэдийг карттайгаа ирэхийг сануулж байлаа. Учир нь картаа гээсэн, гэмтээсэн, мөн огт аваагүй гэсэн цөөнгүй иргэд ирж хүндрэл учруулж байгаа аж. Картгүй иргэнд нэг шуудай шахмал түлш ч худалдаалах боломжгүй. Шинээр карт авах иргэдэд аравдугаар сарын 1-ээс олгож эхлэх юм.

Нийслэлд шахмал түлшийг 40 цэгээр борлуулж буй хоёр дахь өдөр мөн л оочер дараалал ихтэй. Иргэд “гадаа хүйтэнд удаан хүлээж байна, ямар ч зохион байгуулалт алга” хэмээн нэлээдгүй бухимдалтай байв. Албаныхны зүгээс аравдугаар сарын эхэн гэхэд 100 цэгээр, мөн аравдугаар сарын 15 хүртэл 200 цэгээр борлуулах талаар мэдээлсэн. Харин яагаад бүх цэгээр худалдаалахгүй байгаа талаар “олон тооны айлууд угаар мэдрэгчгүй байгаа учраас” гэж тайлбарлажээ. Угаар мэдрэгчгүй үед галлавал угаартах аюултай. Тиймээс айл өрхүүдийг угаар мэдрэгчээ суурилуулах, ажиллагаа нь доголдсон бол засуулах, яндангаа хөөлөх шаардлагатай байгааг онцолсон юм.